Sunday, March 15, 2015

Багшийн блог. Нийтлэл 25



Багшийн блог. Нийтлэл 25
Блог нь багшийн оюуны бүтээлийг цахим сүлжээгээр түргэн, хүртээмжтэй хүргэх, түгээх, санал бодлоо хуваалцах шилдэг хэрэгсэл юм. Заах хичээлийн хөтөлбөр, түүний 7 хоногийн хуваарь, лекцийн файл, бие даалтын ажил, ангийн ажил, төгсөлтийн ажил, эссэ, илтгэлийн жагсаалт, тэдгээрийг шалгах, хамгаалуулах хуваарь, ажил хэргийн зар мэдээлэл, вэб сайтуудын хаяг, нийтлэл, хэлэлцүүлгийн нэр зэрэг өргөн хүрээний асуудлыг блогт багтааж болно. Нягтлан бодох бүртгэлийн багшаар сүүлийн жилд ажиллахдаа хуримтлуулсан багахан туршлагадаа тулгуурлаж блог хөтлөхөд баримтлаж болох зарим саналаа хуваалцаж байна. 1. Асуудал шийдвэрлэхэд баримжаалсан гарчиг өгөх. Асар их, эмх замбаагүй мэдээллийн багцаас тулгамдсан тодорхой асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай нэн чухал мэдээллийг оновчтой түүвэрлэн шүүх, цэгцлэн боловсруулахад зөвхөн Таны нийтлэл л ач тусаа хайрлана гэсэн өөдрөг хүлээлт уншигчдын дунд аль хэдийнээ бий болчихсныг мартаж болохгүй. Таны мэргэн санаа, ер бусын гайхалтай мэдлэгийг агуулсан нийтлэлээс хариулалт нь шууд хамаарах олон асуудал шил шилээ даран эргэн тойронд чинь хуримтлагдсан гэж төсөөлөхөд эргэлзэх хэрэггүй. Сониуч зан хүнийг бусдаас ялгаатай байлгаж, оюунлаг, этгээд өвөрмөгц бөгөөд туршин хэрэгжүүлж болохуйц өөдрөг, бүтээх сэтгэлгээ рүү замчлан өгч, өөрчлөгч, шинэчлэгчийн галт бамбарыг атгуулж байдаг. Үзэл бодол, авъяас чадвар, ажил, мэрэгжлийн ач холбогдлын ач тусыг чинь харгалзаж Таны шүтэн бишрэгч, дагагч болсон олон уншигчийнхаа хүрээ, бүрэлдэхүүний чансааг дээрх сониуч хүмүүсээр тэлснээр бүтээх сэтгэлгээний сэлбэлт, дэвшил, хөгжилдөө Та ахиц гаргах боломжоо нэмэгдүүлнэ. Гэхдээ нийтлэлийн гарчиг нь түүний дотоод агуулгаа бүрэн товойлгон илэрхийлсэн байх ёстойг анхаараарай. Таны нийтлэл ач холбогдол, тандалтын тоогоороо дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэгдсэн бол хайлт хийхэд нийтлэлийн гарчиг, агуулгын онцлох үг хэллэгийн өмнө талд фото зураг (image) чинь дагалдан гарч ирсээр байх болно! 2. Зураг хэрэглэх. Блог нийтлэлийнхээ бичгээрх хэллэг, агуулгын томъёололын баяжилтыг аль болохоор зураг дүрслэлээр, уншигчдын сэтгэлд хэсэг хугацаанд хоногшин дурсагдаж байх сонголттойгоор шигтгэн байршуулаарай. Хүн харах, сонсох, амтлах, үнэртэх, хүрэлцэх зэрэг адгуусан амьтанд байдаг дохионы 1 дүгээр системээс гадна дохионы 2 дугаар систем болох гадаад орчныг зураглан хүлээж авч, харилцан дамжуулдаг чадвартай байдгаараа мэдээллийг олон өнцгөөс шүүн тунгааж, нэгтгэн дүгнэж, задлан шинжилдгийг Нобелийн шагналт эрдэмтэн И.П.Павлов нээсэн. Зураг, таталбар, видео бичлэг, бүдүүвч, график, диаграмм, хүснэгт, онч хэллэгийг шаардлагатай газар нь шигтгэн оруулаарай. Ингэснээрээ Дубай хотын амралт чөлөөт цагийн Гайхамшиг” (Miracle) хэмээх өнгийн цэцэг алаглан ургасан цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлээрээ зугаалан алхаж байгаа юм шиг, агуу их Леонардо Да Винчийн бүтээсэн “Мона Лиза” (Жоконда)-гийн учиртайхан харц, үл мэдэгдэм инээмсэглэл, бодлогширлыг агуулсан үзэсгэлэнт царай, далд хадгалагдсан элэглэл, гунигтайхан харцыг бишрэн харж байгаатай адил, хөгжмийн суут зохиолч Людвиг ван Бетховены найз бүсгүй Жулетта Гриччардидаа зориулан бүтээсэн эгшиглэнт аялгуу “Сарны сонат”-ыг сонсож байгаа юм шиг ер бусын, гайхалтай сайхан сэтгэгдлийг Таны нийтлэл уншигчдад төрүүлэх боломжтой. Балчир хүүхдэд үлгэрийн номыг тайлбарлахад бичвэрийг гол төлөв зурагтай хослуулан хэрэглэдэг билээ. Хүний бие бүтцийн зүй (анатоми), биеийн ажиллагаа (физиологи)-ийн лекцийг явуулахад өнгөөр ялгасан зургийн үзүүлэнг нийтлэг ашигладаг. 3. Тасралтгүй бичсээр байх. Сонгосон сэдвийнхээ хүрээнд туурвисан нийтлэлийн академик болоод прагматик ач холбогдол, чанар, хүртээмжээрээ дамжуулан Таны урьд нь олж авсан нийтлэл бичигчийн нэр хүнд, орон зайгаа бусдад хялбархан тавьж өгөхгүйн төлөө Та өөрөө л тэмцэлдэх үүрэгтэй. Таны оюуны бүтээлийг сэтгэлдээ байнга тээж, хүндэтгэж явдаг, ээлжит нийтлэлийг чинь шимтэн уншихаар өглөө эртлэн босч цахим сүлжээгээр хайлт хийсээр байдаг шүтэн бишрэгч, дагагч, хөгжөөн дэмжигч нартаа сард 2-оос доошгүй удаа блог нийтлэлийн бэлэг барихыг хичээгээрэй. Ийнхүү би бичиж нийтэлсээр байна, тиймээс Та нартайгаа хамтдаа байна гэх блогчийн өгүүлэх үг, уйгагүй хөдөлмөр нь суут математикч Рене Декартын “Би сэтгэж байна. Иймээс би оршиж байна” гэж хэлсэнтэй утга адил билээ. 4. Өөрийгөө таниулж, хүлээн зөвшөөрүүлэх. Оюутнууд интернетээр аялж, багш нарын товч анкет, тэд нарын бүтээлийн жагсаалт, нийтлэлийн агуулга, лекцийн файлтай танилцах, энэ талаар харьцуулсан оюуны дүгнэлт хийх, хамт олны дийлэнхийн санал бодол, эцэг эхийн зөвлөмжийг сонсох, өөрийн итгэл үнэмшил, алсын хараатай мэрэгжлийн баримжаандаа тулгуулах замаар Таныг тухайн хичээлийг заах багшаар сонгох болно. Та өөрийн эрдэм судлалын бүтээлийн шинэ санаа, шинэ мэдлэг, хосгүй нээлт, тэдгээрийн шинжлэх ухааны ач холбогдол, хэрэгжүүлсэн үр дүнгээрээ Монголдоо төдийгүй дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж танигдсан, мэдээллийн алдартай санд бүртгэгдсэн байх нь чухал. Та өөрөө ч мэдээгүй байхад Таны эрдэм судлалтай танилцахыг хүсэгчид домайн нэрийг чинь ашиглаад англи, орос, япон, араб, солонгос гэх мэтийн олон хэлээр вэб хуудас аль хэдийнээ нээчихсэн, дэлхийд нэр хүндтэй шинжлэх ухааны тайлбар толиуд (Wikipedia, Cyclopaedia)-д нийтлэлүүдийг чинь бүрэн эхээр нь байршуулчихсан  байхыг удахгүй харах болно. Чансаатай ийм бүтээл нь Таны нэрийн хуудас болон замчилж, агуу их яруу найрагч А.С.Пушкиний “Хүний гараар бүтээгээгүй. Хөшөө дурсгалаа босгов, би” хэмээн хэлсэнчлэнгээр хүн төрлөхтний мэдлэгийн санд мөнхрөн үлдэх болно. 5. Гадаад хэл дээр нийтэл бичих. Дэлхийн шилдэг их сургуулиудын алдартай эрдэмтдийн нийтлэл, лекц, хэлэлцүүлгийн дийлэнх англи хэлээр гардаг тул блогоо монгол хэл дээр төдийгүй англи хэлээр хөтөлж түгээх нь зохистой. Ингэснээр өөрийн блог нийтлэлээ дэлхий дахинд таниулж, хүлээн зөвшөөрүүлэх боломжидоо ахиц гаргана. Мөн 2 хөршийн боловсрол, шинжлэх ухаан, техник-технологийн салбараас Монголчуудын суралцах зүйл их байдгийг бодолцох нь чухал. 6. Цэгцтэй байх. Нийтэд ойлгомжгүй, өвөрмөгц, этгээд үг хэллэгийг хэзээ, хаана, хэнд хаяглаж, ямар өнгө аясаар илэрхийлэхээ урьдчилан сайтар эргэцүүлж бодоорой. Аливаа эерэг болоод сөрөг мэдээлэл цахим ертөнцөд геометрийн прогрессоор өсч тархах нь олонтаа байдаг. Шинжлэх ухааны түгээмэл бус, нарийн мэрэгжлийн шинэ үг хэллэг, нэр томъёо, хураангуйлж товчилсон үг хэрэглэхэд хүрвэл тухай бүрд нь товч тайлбар өгөхийг хичээгээрэй. Нийтлэлийг аль болохоор цөөн хуудсанд багтааж, энгийн ойлгомжтой, шинжлэх ухааны орчин цагийн үг хэллэг, томъёолол, үзүүлэн, тайлбар хэрэглэж бэлтгээрэй. 7. Бие дааж бүтээх сэтгэлгээг хөгжүүлэх. Цахим сургалтыг уламжлалт сургалттай алсын зөв хараатайгаар, зохистой харьцааны хувийн жинтэйгээр хослуулаарай. Бие дааж тэвчээртэй сууж ном, сурах бичиг, мэрэгжлийн сэтгүүл унших, агуулгыг нь гараар бичиж тэмдэглэх, эмхэтгэн нийтлэх, компьютер ашиглахгүйгээр олон хувилбарт тооцоолол хийх, ганцаарчилж гүйцэтгэсэн судалгааны үр дүндээ тулгуурлаж шинэ мэдлэг, шинэ санаа бүтээх чадвар эзэмшихэд нь суралцагчдыг замчилж өгөх нь чухал. Гадаад хэлний үг хэллэгийн сан, зөв бичгийн дүрэм, дуу, шүлэг, математик, физик, химийн томъёо цээжлэх сургалтын уламжлалт аргад сөрөг зүйл өчүүхэн ч байхгүй. Зохистой хязгаараас хэтэрсэн цахим сургалт нь суралцагчдыг бэлэнчлэх, идэвхгүй, бүтээлч бус сэтгэлгээнд хөтөлж, тэд нарын хувьд дохионы 1 болон 2 дугаар системээ зөв, бүтээлчээр залж хөгжүүлэхэд нь сөргөөр нөлөөлөх болсон гэж бодох юм. Шинийг бүтээх хуримтлагдсан мэдлэгийн найдвартай нөөц, чадвар өөрт чинь аяндаа мэдрэгдээд эхэлсэн яг тэр цаг мөчөөс л өөрийгөө бусдаас тусгаарлаж гэрийн боловсрол, бие даасан, ганцаарчилсан судалгаанд шамдан орох нь зөв байдаг билээ. Заримдаа өөдрөг зөн совин, итгэл үнэмшилдээ захирагдах шаардлага ч гардаг биздээ? Эдгээр нөхцөл байдлыг харгалзсан байдлаар багшийн блогын бичлэг, агуулга, хэрэглээний хүрээ, зориулалтыг боловсруулж байвал зүгээрсэн гэж бодох юм. Он цагийн урсгал, орон зайн олон хувилбарт хэмжээст шинжлэх ухаан, боловсрол нь өмнөх мэдлэг, туршлагын уламжлалт суурьтаа тулгуурлан өөрчлөгдөж, шинэчлэгдэж, баяжиж, үгүйсгэн хөгжиж ирсэн онцлогтой. Математик, физик, хими, биологи, инженерчилэл зэрэг суурь (тодорхой) шинжлэх ухааны академик агууламжид илүүтэй баримжаалсан, ерөнхий боловсролын уламжлалт сургалт л дээд боловсролын шинэчлэлт, өөрчлөлтийн гол хөдөлгүүр, чиглүүлэгч залуур, хөтөч болох ёстой гэдгийг гадаадын нэлээд эрдэмтэн, судлаач хүлээн зөвшөөрч эхэлжээ. 8. Агуулга, найруулгын алдаагүй байх. Компьютертоо үг зөв бичих, алдаа илрүүлэх программ суулгах нь зохистой. Нийтлэлээ бичих явцад болон дууссаны дараагаар ч түүний агуулга, зөв бичиг, найруулга зүйн алдааг хянаж, залруулж байх нь зохистой. Анзаараагүй шивж оруулсан ганц үсэг, үг, тоо, тооны бүхлийн ба бутархайн хэсэг ч Таныг эвгүй байдалд оруулж болзошгүйг анхаараарай. Дэлгэцэнд оруулсан бичвэр, зураг, бүдүүвч, график, диаграмм, томъёог хараагаараа хэд хэдэн удаа гүйлгэж уншихын зэрэгцээгээр амандаа дуудаж уншихад илүүдэхгүй. Ташаа бичсэн зүйлийг анзаарахгүйгээр зөв бичснээр уншаад өнгөрөх тохиолдол ч гарч байдаг. Нийтлэлийн цар хүрээ нэмэгдэхтэй шууд хамааралтайгаар санамсаргүй алдаа гарах эрсдэл өсдөг. Эргэлзээтэй зүйлийг заавал толь бичиг, нэвтэрхий толиос лавлаж баталгаажуулах эсвэл түүнийг нийтлэлээсээ шууд л хасах нь зөв байдаг. 9. Холбоос ашиглах. Блогийг домайн нэр, URL-аараа дамжуулан идэвхтэй ажиллуулсаар байдаг өөрийн бусад вэб хаягтайгаа холбох боломжтой. Хэрэв Та сонирхвол tyondon.blogmn.net болон tyondon.blogspot.com хаягаар хайлт хийж, миний ашигладаг блогийн нийтлэлүүдтэй танилцаарай. Таны нийтлэлийн шинжлэх ухааны шинэлэг байдал, прагматик ач холбогдол нь дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөхөөр болсон бол Google.com-оор англи хэлээр мэдээллийн хайлт хийхэд ч Таны монгол хэл дээр бичсэн нийтлэл, хэлэлцүүлэг, эссэ, лекц чинь дэлхийн агуу их эрдэмтэд, шилдэг их сургуулиудын судалгааны алдартай баг, Нобелийн шагналтнуудын нэрийн өмнүүр, олон арван (хэд хэдэн зуун) сая үр дүнгийн эхний хуудасны, тэргүүн мөрөөр нэлээд хугацааны туршид илэрч гарсаар байх болно шүү! Нийтлэлийнхээ гарчиг, холбоос, товч утгыг 140 үсгийн тэмдэгтэд багтааж уншигчдад маш түргэн хүргэхэээр бол Та Twitter (жиргээ)-г ашиглаарай. Мөн блогтой нэлээд төсөөтэй вэб сэтгүүл бол Google + (Google plus) байдаг. Түүнийг ашиглаж ямар ч хэл дээр нийтлэл бичихэд уг нийтлэлийн ач холбогдол, чанараас хамаарч Таны фото зургийн хамт интернетээр түгээгдэх боломжтой байдаг. Таны блогийн нийтлэлд амжилт хүсье. Tunteg yondon on twitter; tyondon-google plus; tyondon.com; tyondon.mn; shildeg.net; tunteg yondon | facebook зэрэг хаягаар хайлт хийж, эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн математик загварчлал, санхүүгийн мэргэшсэн шинжилгээ, удирдлагын болон зардлын бүртгэлийн загварчлалын талаар бичсэн шинэ санаа, шинэ мэдлэгтэй танилцахыг зөвлөж байна.

Monday, February 16, 2015

Сургалтанд юуг орхигдуулдаг, орхигдуулсаар байна вэ? Нийтлэл 24



Сургалтанд юуг орхигдуулдаг, орхигдуулсаар байна вэ? Нийтлэл 24
Сургалтанд юуг орхигдуулдаг, орхигдуулсаар байна вэ? гэдгийг боловсролын үйлчилгээг хүртэж байсан, түүнийг хүмүүс хүртэж байгааг харсаар байдаг жирийн нягтлан бодогчийн хувьд саналаа товч илэрхийлэв. 1. Хүүхдийнхээ сургуульд судалсан зарим нэг хичээлийн академик түвшин, түүний хэрэглээ, судалгааны хэрэгжүүлэх боломжид гэр бүлийн хүрээндээ мэргэшсэн хяналт үнэлгээ хийчих мэдлэг чадвартай, ажлын цагийн боломжтой эцэг, эх цөөн байдаг бололтой. Хоногийн 24 цагийн бараг 2/3-ыг хүүхэд өсөж төлөвшсөн гэртээ өнгөрөөдөг. Гэр бүлийг хамгийн жаргалтай орчин хэмээсэн байдаг. Хувь хүний гэрийн багш, автодидактикийн тусламжтайгаар олж авсан ганцаарчилсан боловсролын онцгой авъяас чадвар нь олон нийт, сургууль, анги хамт олон, бүлгийнхэнд зориулсан мэдлэг, чадварын дундаж агуулгатай сургалтын хөтөлбөр, лекц, семинарт түүний биечлэн оролцохоос хавьгүй өгөөжтэй байдгийг тэмдэглэн чухалчилдаг болжээ. Энэ нь хүүхдээ гэртээ төлөвшүүлэх, чиглүүлэн туслах, түүний бие дааж өөрөө шат ахин хөгжихөд нь шаардлагатай чөлөөт цаг, санхүү, материаллаг орчны нөөцөөр эцэг эхчүүдийн талаас хангууштайг хэлж байгаа хэрэг. Тэд нар эцэг эхийн хуралд ч биечлэн оролцох албан ажлын болон хувийн амьдралын цаг, хүн бүлийн бололцоо хомсдолтойгоос дээрх үйл ажиллагаанд төлөөллөө илгээж эцэг эхийн зөвлөл, анги удирдсан багшийн шаардсан мөнгийг л хэл ам гаргахгүйгээр хураалгадаг тал ажиглагддаг. Бяцхан хүү, охиноо унтчихсаны дараагаар шөнө дөлөөр ээж, аав нь ажлаасаа ирээд, өглөөний үүрээр тэд нарыг сэрээгүй байхад мөн л ажилдаа явдаг тохиолдол гарч л байдаг. Дашрамд хэлэхэд номыг нь сурахгүй бол номхон дарууд суралцаарай гэдэг үг хааяа нэг санаанд буудаг. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, хөдөөний бололтой оюутнууд нийтийн тээвэрт чихэвч сонссон, унтсан дүр үзүүлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг хараагүй дүр эсгэн суусаар л байдаг нь “Зөв хүүхэд”-ийг төлөвшүүлэх хөтөлбөр тэд нарт хараахан нөлөөлөөгүйг харуулсаар байна. 2. Мэдлэг, чадварын нийтлэг шаардлага, түүний дундаж түвшин, стандарт мэдлэгт нийцүүлсэн өнөөгийн боловсролын агуулга, хүртээмж, чанарын хоцрогдол болон дэлхийн даяарчилагдсан их сургуулиудын зэрэглэл, ирээдүйг баримжаалсан мэргэшсэн боловсролын чанар, шинжлэх ухаан, техник, технологийн дэвшлийн баялаг шинэ мэдлэг, шинэ санаа, нээлтийн сангийн хоорондох зөрүүгийн туйлширал улам бүр нэмэгдсээр байна. Хэдийгээр нийгэм-эдийн засгийн үйл явц, юмс үзэгдлийн зүй тогтол, хувьсал, өөрчлөлтийн хандлагыг дундажлан илэрхийлдэг боловч судалгааны тодорхой хүрээнд авч үзэхэд дундажаасаа эерэг болоод сөрөг тал руу хэлбэлзэх зөрүү гарч л байдаг. Шинжлэх ухааны элит сэтгэгчдийг бодлогоор илүү дэмжүүштэй. Яагаад Америкийн дээд боловсрол чанартай байдаг вэ? гэдэг асуулт тавигдаж байдаг. Эх орондоо санхүү, материаллаг баазаар дэмжүүлж чадаагүй, хэрэгжүүлэхэд нь хүнд суртлын элдэв саадтай тулгарсан байгалийн шинжлэх ухааны ер бусын, дахин давтагдашгүй, гайхалтай нээлтээ бусдаас өөрөөр сэтгэдэг, суут ухаантнууд эрх чөлөөний өлгий болсон агуу их Америк оронд цагаачлан очиж хийсэн нь олонтаа байдаг. Америкийн боловсрол анхан шатнаасаа эхлэн дээшээгээ шатлан ахих тутам илүү академик агууламжтай, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж өгөх  судалгааны чиг баримжаатай болж, онолын мэдлэгийг лабораторид турших, мэдээллийг тоон судалгаагаар баталгаажуулах, инженерийн тооцооллын арга ухаанд суралцах, шинжлэх ухааны суурь мэдээллийн сан бүрдүүлэх, шинэ мэдлэг, шинэ сэдэл, нээлтийг бүтээх, түгээх, биежүүлэн материаллагжуулахад чиглэдэг бололтой. Цагаачлалын тогтвортой уян хатан бодлогыг ийнхүү хэрэгжүүлсээр байгаагийн зэрэгцээгээр суурь болоод хавсрага судалгаа явуулдаг даяарчлагдсан үйл ажиллагаатай, удирдлага, санхүү, багшлах бүрэлдэхүүний хувьд бие даасан их сургуулиуд дэлхийн шилдгийн шилдэгт эрэмбэлэгдсэн зэрэглэл, нэр хүндээ улам баталгаажуулахын төлөө хором бүртэй уралдан өрсөлдсөөр байна. 3. Нарт хорвоогийн хамгийн эртний бөгөөд эрхэм нандин мэргэжлийг бүтээж, хөгжүүлсэн боловсролын шинжлэх ухааны үйлчилгээтэй ямар нэгэн шижмээр холбогдоогүй хувь хүн, өрх гэр, аж ахуйн нэгж, албан газрыг төсөөлөхөд хэцүү билээ. Байгалийн өөрийнх олон сая жилийх нь бүтээл болсон хүнийг мөнхөд дагаж, цагийн урсгалд улам л төгс төгөлдөр өөд шат ахин шинэчлэгдсээр байгаа мэрэгжил бол хүн төрлөхтний боловсрол мөнөөс л мөн. Энэ нь боловсролын зүй тогтолт, чиглүүлэн дэмжих, шинэчлэн өөрчлөх бодлогод түүхэн, тогтвортой, шинжлэх ухаанлаг, прагматикаар хандахыг шаарддаг билээ. 1970-1990-ээд онд бүх шатны боловсролын бодлого алсын хараатай, тогтвортой, харилцан уялдсан, онолын мэдлэгт түлхүү суурилсан, социализмын үзэл суртлыг шингээж байсан нь түүхэн тодорхой нөхцөл байдлаас улбаатай бөгөөд тэр цаг үеийн суралцагчдын мэдлэг, чадварт эерэг болон сөргөөр нөлөөлсөн гэдэг нь эргэлзэх зүйлгүй. Харин сүүлийн 25 жилд боловсролын салбарт сонгуулийн 4 жилийн мөчлөгтэй, туйлширсан бодлогыг, тухайлбал түүнээс заримыг нь ерөнхий боловсролын суралцагчид дээр удаа дараалан туршиж, бүтэлгүйтэж байсан нь ажиглагддаг. Бодлогын алдаа, туйлширал гаргаж болохгүй нийгмийн нийтлэг үйлчилгээ бол боловсрол, эрүүл мэнд 2 л байх гэж төсөөлөх юм. 4. Гадаадын туршлагыг хөл алдан биширч аялдан дууриах, гадаадад ийм байдаг гэж хөндий хоосон ярих, Монгол хүний оюуны чадамжид эргэлзэх, боловсролын шинэчлэлд үеэ өнгөрөөсөн, хайрцагласан, улиг болсон, өнгө заслын сэтгэлгээгээр хандах нь түгээмэл ажиглагдах юм. Монголын хөгжил дэвшил, эдийн засгийн бие даасан байдлыг Монголчууд өөрсдөө л хөдөлмөрлөж, алсын хараатай зөв сэтгэж, эв нэгдлээ хангаж байж шийдвэрлэнэ. Харин гадаадын тусламж дэмжлэгт эргэн төлөгдөх хатуу нөхцөлтэй зээл, өрийн бичиг зонхилсоор байх нь ойлгомжтой. Өрнөдийн ерөнхий боловсролын сургалт зарим талаар цаг үеэс хоцрогдсон, коллежийн элсэлтийн шалгалтанд тэнцэгчдийн тоо жил дараалан буурах болсныг нийгмийн цахим сүлжээнд тавигдсан хэлэлцүүлэг, санал бодлоос ажиглагдах юм. 2014 онд Америкийн багш нарын дунд нийгмийн сүлжээгээр явуулсан санал асуулгад оролцогчдын 70 гаруй хувь нь ерөнхий боловсролын сургалтын чанарыг сайжруулах, коллежид элсэгчдийн шалгалтын үнэлгээний түвшинг ахиулахад хамгийн чухал үр нөлөөтай хичээлээр Англи хэл, математикийг нэрлэсэн гэдэг. Монголд математикийн зарим багш “Хүн бүхэн математик, физик сурах шаардлагагүй” гэж TV-ээр мэдэгдэл хийж, бүх шинжлэх ухааны хааныг арын эгнээ рүү түлхэж, буланд шахан оруулж байгааг хэд хэдэн удаа харлаа. Математик сэтгэлгээний зэрэгцээгээр дотоод, гадаадын сонгодог уран зохиолыг шимтэн унших нь эрэгцүүлэн бодох, шүүн тунгаах, харьцуулан жиших, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, ер бусаар дүрслэн сэтгэх чадварыг хэвшүүлэн олгодог талтай. Хүний сурч мэдэх зүйлд хязгаар гэж үгүйсэн билээ. Энэ нь орчлон ертөнцийн орон зайг төсөөлөхийн аргагүй байдагтай утга нэг билээ. Хүн амьдрах хугацаандаа өөрийн оюун ухааныхаа чадамжийн өчүүхэн төдийг л нээж илрүүлэн ашигладаг гэдэг. Яагаад Бид нар хос бичигтэн байж болохгүй гэж? Болохгүй, бүтэхгүй зүйл гэж байхгүй гэдэг өөдрөг сэтгэлгээ л хэрэгтэй. Хос морьтон газрын холыг хялбархан туулдаг гэдэг. Ертөнцийн бүхий л юмс үзэгдэл хоёрдмол, хосмог, нийлмэл, харилцан нөхцөлдсөн шинж төлөвтай байдаг. Гэхдээ нэлээд хүч чармайлт шаардах бөгөөд эхлэлийг нь нэгэнт тавьчихсан энэ ажлыг хэрхэн, ямар хугацаанд хэрэгжүүлэх вэ? үр дүнг нь яаж хэмжих вэ? эерэг болоод сөрөг нөлөөлөл гэж юу байх бол гэдгийг сайтар тунгаан бодууштай байх. Ялангуяа хэл шинжээчид, судлаачид, эх орноо гадаад оронд төлөөлөн ажиллагсад хос бичгийг академик өндөр түвшинд эзэмшсэн байх шаардлагатай болов уу? 1946 онд крилл үсгийн  оронд Монгол бичгийг албан ёсны бичиг болгож нэвтрүүлсэн бол одоо хос бичгийн асуудал хараахан хөндөгдөхгүй байсан биз. Гэхдээ тэр цаг үеийн түүхэн нөхцөл байдал зөвхөн крилл үсгийн  энэ л сонголтонд хөтлөн хүргэсэн байх. 1990 оноос хойш ерөнхий боловсролын сургалтанд Монгол бичгийн хичээлийг оруулж туршсан ч нааштай үр дүнд төдийлөн хүрээгүй нь энэ ажлын бэлтгэл, материаллаг бааз, багшлах бүрэлдхүүний хангамжтай зарим талаар холбоотой байсан болов уу? Крилл үсгийг хэрэглээд бараг л 70-аад жилийг өнгөрчээ. Крилл болон латин, грек үсэг нь математик, физик, хими, биологи, мэдээлэл холбоо, нийгмийн цахим сүлжээ, инженерийн шинжлэх ухааны салбарт хэрэглэхэд илүү хялбар дөт байдаг. Дээрх шинжлэх ухааны танин мэдэхүйтэй хослуулан уламжлалт бичиг соёлоо хэрхэн авч үлдэх, хадаглан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх арга ухааныг босоо бичигтэй өвөр монголчууд, хэвтээ бичигтэй арабууд шийдчихсэн л байгаа даа. Бичиг соёлын дархлаагаа хамгаалах асуудлыг даяарчлагдсан соёл иргэншил, дэлхий дахины шинжлэх ухаан, боловсролын ирээдүйн зүй тогтолт чиг хандлага, бүс нутаг, газар зүйн бодлоготой хэрхэн зөв, алсын хараатай хослуулах вэ? гэсэн асуудлын тавил гарч ирсээр байгаа бололтой. 5. Монголд суурь ба хавсрага шинжлэх ухааны болон боловсролын мэдээлийн сангийн багтаамж, хамрах хүрээ, нэр төрөл, хэрэглээний өгөөж чамлалттай байна. Боловсролын үнэлгээний албаны статистикийн динамик мэдээллийн сан, хяналт үнэлгээний явц, үр дүнгийн судалгааны тайлан гэж бараг харагддаггүй. Монголын нийгэм-эдийн засгийн сонгосон асуудлаар чанарын болон тоон судалгаа хийхээр мэдээллийн хайлт хийхэд “Энэ мэдээлэл олдсонгүй” гэсэн үр дүн гарч ирсээр л байдаг. Гэтэл нэрийг нь огтон ч мэдэхгүй гадаад орны нэгэн судалгааны байгууллага, бие даасан судлаач Монгол орны талаар олон талт, шинжлэх ухаанлаг, хүртээмжтэй, нэлээд шинэчлэн баяжуулсаар ирсэн судалгааны мэдээллэл хэвлүүлчихсэн байх нь харагддаг. Судлаачдын эрдэм судлалын сэдвийн сонголтын хамрах хүрээ, багтаамж, ач холбогдлын зэрэглэл, санхүүгийн эрх чөлөө нь хувийнхаа болоод өрх гэрийнхээ цаг үеийн амьжиргааны орлогын эх үүсвэрийг эхний ээлжинд шийдвэрээд авахад илүүтэй баримжаалсан, хайрцаглаж хязгаарлагдсан орон зай, цаг хугацааны хэмжээст баригдсан тогтсон жишиг үйлдэл, сэтгэлгээний нэг л хэв загварт баригдсаар байна даа хэмээн боддог. Социализмын үгээгүй (люмпен) пролетарийн үзэл суртлын үед хувийн өмчгүй байсан хүмүүс өнөөгийн ороо бусгаа, шударга бус нийгэмд маргаашийнхаа хувь төөрөгт зовниж, санхүүгийн хүндрэл, баян хоосны хэт ялгаралаас айж эмээн түр зуурын, завсрын үр дүн, хөдөлмөрийн бус орлого, албан тушаалын шат ахилтыг эрхэмлэн бишрэх болжээ. Чадварлаг, ирээдүйтэй эрдэмтэн, судлаач, инженер, багш, эмч нэг л мэдэхэд мэрэгжлийн ажлаа орхиод ээлжит сонгуулийн бэлтгэлд шамдан орох, их, бага албан тушаалын төлөө нойроо алдаж зүүдлэх болсноос аливаа түвшинд шийдвэр гаргах үндэслэл болохуйц техник-эдийн засгийн судалгаа, олон сонголтот уян хатан төсөв, төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын үр ашгийн тооцоо хийгээд өгчих мэрэгжлийн баг, судлаач, шинжээч ховорхон болсон нь ажиглагдсаар ...  6. Боловсролын шинэчлэл, өөрчлөлтийн явц, үр дүнд гадаад, дотоодын төслийн баг оны шилдгийн шилдэг үнэлгээ өгч, тайлан бичиж тушаагаад ажлын хөлсний тооцоо хийдэг юм шиг ажиглагддаг. Гэтэл дундаас дээш амьжиргааны түвшинтэй гэр бүл нь төрийн өмчийн шилдэг сургуульд хүүхдээ сургахгүй олон арван сая төгрөгийн төлбөртэй хувийн сургууль, гадаадын их сургуульд суралцуулдаг. Хувийн дунд сургууль, их сургуулийн захирал нар өөрийнхөө удирддаг, гадаад, дотоодод удаа дараа  магадлан итгэмжлүүлсэн сургуулийнхаа сургалтыг голоод хүүхдээ гадаадад л суралцуулдаг. Хувийн шилдэг эмнэлэгтэй гэх алдартай эмч нар өөрийн эмнэлэгээр оношлуулахгүй, эмчлүүлэхгүйгээр шууд гадаад руу нисдэг билээ. Энэ байдал нь шийдвэр гаргагч, түүнийг гардан хэрэгжүүлэгчдийн өөрөө өөртөө өгч байгаа нэлээд бодитой үнэлгээ болов уу гэж төсөөлөх юм. Үүнтэй холбоотойгоор хөндлөнгийн судалгаа, үнэлгээний нэр хүндтэй байгууллагын нийтлэлээс иш татлаа. Дэлхийн эдийн засгийн форум (WEF)-ээс гаргасан судалгаагаар Монгол улс боловсролын чанараараа тус байгууллагад бүртгэлтэй 122 орноос 2013 онд 89 дүгээр байранд жагсаж байсан бол 2014 онд 26 байраар ухарч 115 дугаар байранд орсон талаар мэдээлсэн байх юм[1]. Ийнхүү 122 орноос сүүлээсээ 7 руу ухарч жагссан эрэмбэлэлт гарсан гэнэ. Энэ нь эдийн засгийн хямралтай уралдуулан нэг шугаманд боловсролын салбарын хямралын суурийг аль хэдийнэ баттайяа тавьчихсныг харуулж байна. 2013 оны эцсээс эхлэлтэй шинэ ч гүй, хуучин ч гүй болсоор байгаа боловсролын шинэчлэл гэгчийн завсрын үр дүн нь энэ жилийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн төгсөлтийн ерөнхий шалгалтын дүр зураг, дээд боловсролын элсэлтийн шалгалтын мэдээгээр ил тод гарах биздээ. Азид хямрал гараагүй байхад Монголын санхүү, төсөв хямрав. Өршөөлийн хуулийг хүлээгчдээс бусад жирийн татвар төлөгчид хуулийн дагуу татвараа төлсөн гэж бодох юм. Төр дагнан хариуцдаг валютын ханшийн болон инфляцийг тогтоон барих бодлого, ДНБ-д ногдох гадаад өрийн босго хэмжээ, төсвийн санхүүжилт, тэтгэвэр, тэтгэмжээр дамжин эдийн засгийн хямрал ил болчихлоо. Харин боловсрол, эрүүл мэнд гэсэн нийтлэг үйлчилгээний салбарын хямралын цар хүрээ, үргэлжлэх мөчлөг, харилцан нөлөөлсөн хүчин зүйлсийн үйлчлэл, хамаарлын хүчийг хувийн хэвшлийнхэн хуваалцан зөөлрүүлж, түр зуур нуугдмал байдалд хадгалж байгаа ч жагсаал, цуглаан, санал зөрөлдөөн өрнөсөөр л...Энэ нь бүдаг бадагхан яригдаж эхлээд байгаа нийгмийн салбарын хувьчилал, өөрчлөн байгуулалтын асуудлын өрнөлттэй холбоотойгоор хэрхэхийг цаг хугацаа харуулах бизээ. 7. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ бол хүн бүхэнд хамааралтай байдаг нийгмийн нийтлэг үйлчилгээ билээ. Монгол орны хүн амын бараг 3 иргэний 1 нь ядуу амьдарч байгаа бөгөөд дундаж давхрагынхан энэхүү эмзэг бүлэгт бүл нэмсээр байгаа нь Монголын өнөөгийн нийгмийн бодит дүр төрх болж байна. Ядуу хүн бүхэн залхуу байдаггүй, тэд нарын олонх нь борви бохисхийлгүй хөдөлмөрлөж, татвараа төлсөөр байхад нь ядууруулсан. Тэд нарын хувь тавилангийн эерэг болоод сөрөг талыг ядуу амьдралтай иргэд өөрсдөө болон тэд нарыг ийм байдалд хүргэсэн Их хурал, засгийн газар тэнцүүхэн хүлээх нь шударга байдалд нийцэх биз. Сонгуулиар олонх болж итгэл хүлээсэн төр, засгийн төлөөлөл баялгийн шударга хуваарилалт, нийгмийн хамгааллын зөв, алсын хараатай бодлого хэрэгжүүлэх үүрэгтэй. Нийгмийн салбарын дуудлагаар болон менежментээр хувьчилагдсан объетуудад дундаас доош орлоготой иргэд үйлчилгээний өндөр төлбөрийг нь төлж үйлчлүүлэхэд бэрхшээлтэй болжээ. Хувьчилалын менежментийн баг нь өөрсдийн оруулсан өөрчлөн байгуулалтын хөрөнгө оруулалтаа өндрөөр үнэлж нэг л мэдэхэд хяналтын багцын 51%-иас дээшийг эзэмшчихлээ гэсэн санхүүгийн тайлан, тооцоо үзүүлэх болно доо. Өнөө хэр нь эдийн засгийн гүн хямралтай байгаа Евро бүсийн зарим оронд үнэ цэнэтэй үл хөдлөх ихээхэн хөрөнгийг гадныханд үнэгүйдүүлэн худалдаж эхэлсэн нь хямралыг зөөлрүүлэх хэрэгсэл огтхон ч болж чадаагүй. 8. Монголын дээд боловсролын хоцрогдол нь төрийн өмчийн эзэмшлээс шалтгаалдаг бус, харин удирдлагын арга барил, удирдлагын багийн бүрэлдэхүүн, эрх ашгийн зөрчлөөс улбаатай байх. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн бакалаврын шатны болон мэргэшүүлэх шатны харьцангуй өндөр төлбөртэй сургалт явуулдаг, гадаад, дотоодын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн, менежментийн хувьчилалтай, хувийн өмчийн гэсэн 100–аад их, дээд сургууль, мөн олон тооны академи, хүрээлэн, институт, дамжаа үйл ажиллагаа эрхэлдэг ч бүтээж түгээсэн, хэрэгжүүлсэн шинэ мэдлэг, шинэ санаа, нээлтээрээ дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэгдсэн зүйлгүй шахуу байна. Сүүлийн 25 жилд гэхэд нягтлан бодох бүртгэлийн чиглэлийн олон хичээлээс Монгол хүний бүтээсэн оюунлаг сэтгэмжтэй, бусдаас илэрхий ялгаатай, давтагдашгүй шинэ санаа, шинэ мэдлэг шигэтгэн оруулсан ганц ч жин дарах судалгаа, нийтлэл, блог, төсөл, сурах бичиг үзэгдсэнгүй. Жил бүр оны тэргүүний багш, нягтлан бодогч шалгаруулж, өргөмжлөлийн хур буулгадаг, олон жилийн туршид нэг л өнгө аясаар давтагдсаар байдаг нягтлан бодох бүртгэлийн олимпиад зохион байгуулдаг ч нягтлан бодох бүртгэлийн сургалтын хөтөлбөр, түүний академик агууламж, лекцийн файл, багш болон оюутны блог нийтлэл, мэргэшүүлэх хичээлийн гарын авлага, түүний сургалтын чанар, арга технологид өөрчлөлт, дэвшил гарсангүй. Харин боловсролын салбарын төсөв хангалттай хэмжээтэй, динамик өсөлттэй байдгаас үр өгөөжийг нь тэр бүр хянаж, хэмжих боломжгүй, хот, бүс нутаг, аймаг хамарсан, материаллагжин биежиж үлдэх зүйлгүй төсөл, гадаад томилолт, тунхаглалын чамин нэр хаягтай элдэв семинар, хурал, уулзалт, сургалтанд хөрөнгийг зарцуулсаар байх юм. 9. Анхаарал төдийлөн татдаггүй, ач холбогдолгүй мэт санагддаг атлаа өдөр тутмын үйл ажиллагааны салшгүй бүрэлдэхүүн болдог юмс үзэгдлийн хажуугаар томсролгүй өнгөрөх нь олонтаа тохиолддог. Төрлөх хэл дээр болон гадаад хэл дээр уншсан лекц, яриа, хэлэлцүүлэг, хурлын гол утга санааг аль болохоор бүрэн, зөв, өөртөө ойлгомжтой, хураангуй бөгөөд уншихад гаргацтайгаар тэмдэглэж авах чадвар, урлагт суралцах нь чухал. Их, дээд сургуулийн 1 дүгээр дамжааны оюутны ихэнх нь багшийн лекцийн бодит орчин, ярианы явцад таталбар түргэн бичлэгээр тэмдэглэл хийж авах чадварт суралцаагүй нь ажиглагддаг. Агуулгыг нь урьдчилан эзэмшээгүй гадаад хэл дээрх шинэ хичээлийн лекцийн түлхүүр нэр томъёог буруу сонсож тэмдэглэвээс түүнийг толь бичгээс ч хайгаад олдохгүй нэг л хэсэгтээ төвөг учруулдаг. Хэдийгээр лекцийн танхимд дэлхийн нийтлэг харилцааны хэлний орчуулгын аппарат суурилуулсан байдаг ч ханз хэрэглэдэг япон, хятад багш, крилл үсэг хэрэглэдэг орос багш, латин үсэг хэрэглэдэг герман багш тус бүрдээ өөрсдийн төрлөх хэл дээр аман болоод бичгийн шалгалт, шүүлэг авахыг илүүд үзэх биз. Монголд 2006 оноос эхлэн TOEFL iBT буюу TOEFL-ийн шалгалтыг компьютерээр цахим сүлжээ ашиглан авч байна. Шалгалт нийт 4 цаг үргэлжилдэг бололтой... Та цахим хэлбэрээр TOEFL-ийн шалгалт өгсөн бол 1 минутанд 120-150 латин үсгийн тэмдэгт шивж оруулахтай тулгарч байсан байх. Саяхан миний нэг шавь “Мэрэгжлийн сонгон шалгаруулалтын шалгалт”-ыг цахим хэлбэрээр өгсөн талаараа хэлсэн юм. Тэрээр компьютерийн товчлуурыг харахгүйгээр аливаа бичвэрийг 10 хуруугаараа зэрэг шивдэг сэргэлэн оюутан байсан юм. Шалгалтын зөв хариуг тогтоосон цагт багтааж бүрэн шивж оруулах нь хамгийн гол шалгуур байсан гэж тэрээр хэлсэн. Сониуч зан бол бусдаас ялгаатай байж өөрөөр сэтгэх, шинийг бүтээх, түүнийг туршиж үзэхэд хөтөлдөг. Бичиг хэргийг комьпютероор төдийгүй гар аргаар хөтлөх шаардлага, хэрэгцээ гардаг. Багш, оюутнууд нийгмийн цахим сүлжээгээр аялж мэрэгжлийн болоод гадаад хэлний мэдлэгээ гүнзгийрүүлэх болсон. Тwitter-аар жиргэх нь санал бодлоо 140 үсгийн тэмдэгтэнд багтааж илэрхийлэхэд дадалжуулах эерэг нигууртай. Монгол бичгийн каллиграфийн тэмцээн, үзэсгэлэн зохион байгуулдагтай адил крилл, латин бичгийн энэ төрлийн арга хэмжээ зохион байгуулахад хүндрэлтэй биш гэж бодогдох юм. Крилл үсэг, бичгийн хэрэглээ л гэхэд 70 орчим жил Монголчуудыг дэлхийн соёлт ертөнц, шинжлэх ухаан, боловсролтой холбогч гүүр болж ирсэн. Сургууль төгсөөд анх ажилд ороход маань олон хэлэнд төгс боловсорсон, Монгол бичиг, крилл бичгээр агуулга төгөлдөр, уран яруугаар бичиж найруулдаг Д.Жамъяндорж гэдэг эрхэм хүн угтан авч билээ. Ажил тарсны дараагаар тэр хүний хянан найруулж өгсөн албан бичгийг дахин давтан уншсанаар нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэжлийн үг, хэллэгийн Монгол хэлээрх оносон нэр томъёолол, утга агуулгатай танилцаж, даргынхаа крилл бичгийн хэвийг үсэг, холбоос бүрээр нь 12 хуудастай дэвтэрийг дуустал нь дууриалган бичдэгсэн. Тэгснээр гарынхаа үсгийг сэтгэлдээ нийцсэн хэв загвараар зурдаг, даргатайгаа бага зэрэг төстэй бичдэг болж билээ. Харин бага, дунд сургуулийн 3-5 дугаар ангид судалсан зөв бичгийн дүрэм, үг зүй, өгүүлбэр зүй, найруулга зүйн хичээлийн агуулгаас дээд сургуульд суралцах хугацаанд нэлээд төсөөрсөн байсан тул түүнийг өндөр мэдлэгтэй удирдах ажилтнуудын зарчимч шаардлага, мэрэгжлийн туслалцаагаар давдаг болсон.



[1] www.times.mn. 2014.12. 22