Tuesday, June 9, 2015

Дадлагын ажил (ДА) ба нягтлан бодогчийн тооны норматив, нийтлэл 32; Instruction course & normative numbers of accountants”, post 32



Дадлагын ажил (ДА) ба нягтлан бодогчийн тооны норматив, нийтлэл 32; Instruction course & normative numbers of accountants, post 32
Их, дээд сургууль (ИДС)-ийн сургалтын нэг чухал хэсэг нь тэнхимийн гадуурх сургалт хэмээх танилцах дадлага (ТД) болон үйлдвэрлэлийн дадлага (ҮД) юм. Дадлага нь тэнхимд эзэмшсэн онолын мэдлэгээ хэрэглээ болгож хувиргах, турших бололцоог олгодог. ИДС-ийн холбогдох тэнхимээс боловсруулсан удирдамжийн дагуу  дадлагыг зохион байгуулдаг. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл (НББ)-ийн чиглэлээр сургалт эрхэлдэг зарим ИДС-ийн хувьд ТД–ыг 3 дугаар дамжааны төгсгөлд гол төлөв ажлын 30 хоногийн хугацаагаар, ҮД-ыг 4 дүгээр дамжааны төгсгөлд, тэнхимийн  мэргэшүүлэх дадлага-кейс (case) сургалтын дараагаар ажлын 45 хоногоор явуулж байгаа нь ажиглагддаг. Дадлага хийх байгууллагаа сонгоход түүний бизнес, үйлчилгээний чиглэл, хэмжээ, үр дүнг интернетээс хайж урьдчилан танилцах; энэ нь тухайн оюутны сурч байгаа мэргэжлийн чиглэл болон төгсөлтийн дараа эрхлэхээр төлөвлөсөн ажлын байртай хэр зэрэг нийцэх; дадлагын ажлаа чанартай гүйцэтгэх боломжийг олгож чадах эсэх, дадлагын тайлан бэлтгэх, улмаар төгсөлтийн ажил хийхэд хэрэгцээтэй тооны ба чанарын мэдээлэл цуглуулах, өөрийн давуу талаа илэрхийлж таниулахад тусалж дэмжих хүн байгаа эсэх; дадлага хийх хугацаанд гарах орон байр, тээвэр, амьжиргааны ямар зардал гарахыг харгалзах шаардлага оюутны хувьд гардаг. Дадлагын ажлын агуулга, хамрах хүрээ, чанар, үнэлгээнд нөлөөлдөг олон зүйл байдаг бөгөөд түүнийг гүйцэтгэхэд анхаарвал зохих зарим нэг бодлоо тоймлон  илэрхийлэв. ИДС тус бүр дадлагын удирдамж, түүний эхлэх болон дуусгавар болох сар, өдөр, үргэлжлэх хугацааг сургалтын төлөвлөгөө, мэрэгжлийн ба мэргэшүүлэх хичээлийн хөтөлбөрийг үндэслэн боловсруулж мөрдүүлдэг. Багш нартаа олгох 2015 оны ээлжийн амралтын цалинг хэмнэх зорилгоор энэ оны 4 дүгээр сард багтааж хичээл, шалгалтыг дуусгавар болгосон зарим ИДС-ийн удирдлага дадлагын үргэлжлэх хугацааг 5 ба 6 дугаар сарыг хамрахаар сунгасан нь 3-аас дээш голч дүнтэй сурсан оюутнуудад олгодог үндэсний тэтгэлэгийн санхүүжилт оройтсонтой холбоотой хэмээн нийгмийн сүлжээгээр жиргэсэн нь ажиглагдсан. 2015 оны эхний хагас жилд үндэсний тэтгэлэгийн болзол хангасан 44,000 орчим оюутан байгаа гэнэ. Өндөр голч оноотой оюутнууд гол төлөв төгсөлтийн ажил бичдэг тул судалгаа явуулах, тоон мэдээлэл цуглуулах, түүнд статистик-математикийн боловсруулалт хийх, бичвэр, зураг, файл бэлдэх, төлбөртэй зөвлөгөө, шүүмж авах, хэвлүүлэх, тараах зэрэгт Тэд нар санхүүгийн нэлээд хүндрэлтэй тулгарч байгаа нь ажиглагдсан. Зарим ИДС-ийн хувьд НББ-ийн кейс сургалтыг 7 дугаар улиралд гол төлөв 3 кредит цаг (32*3=96)-аар семинарын хэлбэрээр явуулдаг гэдэг. Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС), татварын багц хууль (ТБХ)-ийн дагуу санхүүгийн тайлан, татварын тайлан бэлтгэхтэй холбогдсон цогц бодлогыг оюутан нэг бүрээр бодуулж, нэг хэвийн анхан шатны бүртгэл, журнал, ерөнхий данс хөтлүүлж, ажлын хүснэгт бэлтгүүлж байгаа боловч кейс сургалтыг зардлын бүртгэл, удирдлагын бүртгэл, санхүүгийн математик, санхүүгийн тайлангийн мэргэшсэн шинжилгээ, хөрөнгийн үнэлгээ, санхүүгийн хэрэглээний программтай нэгдмэл байдлаар интеграцичилан холбож чадахгүй байгаа нь ажиглагддаг. Цогц бодлого боловсруулах, кейс сургалтын хөтөлбөр бэлтгэх, ТД болон ҮД-ын удирдамж гаргахад бакалаврийн сургалтын хугацаанд эзэмшсэн мэрэгжлийн болон мэргэшүүлэх 20 орчим хичээлийг аль болохоор бүрэн, агуулгын зөв харьцаатайгаар тэдгээрт тусгаж оруулах шаардлага гардаг. НББ-ийн онолын мэдлэгийн шалгалт болон цогц бодлогын бодолтоор төгсөлтийн шалгалтыг тус тусад нь явуулах болсон нь дэвшилттэй боловч цогц бодлогод санхүүгийн бүртгэл, зардлын бүртгэл, удирдлагын бүртгэл, аудит, санхүүгийн тайлангийн шинжилгээ, ахисан шатны бүртгэл, хөрөнгийн үнэлгээний өгөгдлийг арга зүйн хувьд багц байдлаар нэгтгэж авч үзээгүй нь заримдаа ажиглагддаг. НББ-ийн мэрэгжлийн хичээл, мэргэшүүлэх хичээл, СТОУС ба ТБХ-ийн харилцан шүтэлцсэн холбоог хангасан кейс сургалтын гарын авлага, олон хувилбарт цогц бодлогын номыг Сангийн яамнаас багшийн ном, оюутны номоор нь төрөлжүүлэн бэлтгээд өгчихвөл хэрэгтэй л байна. НББ-ийн хичээл бүрийн лекц, семинар, кейс сургалтыг өөр өөр багш заадаг учраас адилхан сэдэв, агуулгыг хэд хэдэн хичээлээр давтан заах нь түгээмэл. Харин зарим хувийн ИДС-д нэг багш хичээлийн жилд 10 гаруй төрлийн хичээл зааж, тэнхимийн 25-30 кредит цаг гүйцэтгэдэг. Иймээс заах хичээлийнхээ файлыг хараахан бэлтгэж амждаггүйгээс түүнийг бие биенээсээ сураглаж л байдаг. Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ, түүний хэрэглээтэй холбоотой лекц, семинарыг 5-6 өөр хичээлээр яг адилхан агуулга, нэр томъёо, тоон жишээгээр, орчуулгын өнгө аястайгаар заасан гэж суралцагчид ярьж байдаг. Нийгэм-эдийн засгийн макро түвшний аль нэг салбарын тэгш ой тэмдэглэх, төр, засгаас ямар нэг шинэчлэл, өөрчлөлтийн шийдвэр гаргахдаа сурагчид, оюутнуудаар судлуулах хичээлийн тоог нэг нэгээр нэмэгдүүлдэг, энэ чиглэлээр гадаадын төсөл гэгчийг заавал дагалдуулан хэрэгжүүлдэг, үр дүнг нь хэмжиж тооцоход түвэгтэй, материаллагжиж үлдэх зүйлгүй элдэв семинар, зөвлөлгөөн, хэлэлцүүлэг, сургалт, show (үзүүлбэр) явуулдаг арга барил жишиг болсноос шалтгаалж суралцагчдаар заавал судлуулах хичээлийн тоо хяналтаас давж, улмаар ИДС-ийн хувьд гэхэд л мэрэгжлийн болон мэргэшүүлэх хичээлийн эзлэх хувийн жин нь 4 жилийн туршид оюутны цуглуулвал зохих 120-125 кредит цагийн дүнд буурсаар байна. Зарим ИДС-д хөтөлбөрийн хороо ажилладаг гэх боловч хичээлийн хөтөлбөр, сэдвийн нэр, лекцийн агуулгын хоорондын уялдаа шүтэлцээ, логик дэс дараалал, давхардал, хийдэгдлийг тухай бүр гярхай илрүүлдэггүй, нэгтгэн зангидаж засамжилдаггүй бололтой. Заримдаа аль нэг хичээлийг заах багш удаан хугацаагаар гадаадад томилолтоор ажилладаг, мөн цагийн багш олдсон тухайн тэр үед нь орхигдсон хичээлийг цагийн хуваарьт нөхөн суулгадгаас шалтгаалж хичээл хоорондын зэрэгцээ холбоо болон тэдгээрийн уламжлалт өмнөх ба дараах холбоо алдагдаж, бүр зарим хичээл огт заагдахгүй  өнгөрдөг ч бололтой. 500-600 орчим жилийн түүхэн хөгжлийн явцдаа төгс өрсөлдөөнт зах зээл, үнэт цаасны арилжаа, үндэстэн дамнасан корпорацийн бүтэц болтлоо өөрчлөгдөж ирсэн чөлөөт зах зээлийн бүтээсэн үнэт зүйл бүхнээс алийг нь шууд хуулбарлаж болох вэ? ямар нь манай орны НББ, санхүүгийн тайлагнал, татварын өнөөгийн цаг үе, нөхцөл, тогтолцоо, арга зүйд илүүтэй нийцэх вэ? гэдгийг бага ч гэсэн эргэцүүлэн бодож байвал зүгээр санагддаг. 2013 оны эцсээс UNESCO-гийн зөвлөмжөөр эхлүүлсэн гэх дээд боловсролын хөтөлбөрийн шинэчлэлт нь нэлээд санал зөрөлдөөнийг үүсгээд тодорхойгүй байдал, эргэлзээ, үл итгэлд оруулаад чимээгүй болчихлоо. Мөн Сангийн яамнаас хэрэгжүүлж байгаа СТОУС-ын нэвтрэлийн явц, үр дүн ч тааруухан байгаа бололтой. Зарим аж ахуйн нэгж (ААН)-ийн удирдлагаас ИДС төгсөгчдөд ажлын байранд дадлагажих хугацаа гэгчийг дур мэдэн тогтоож Тэд нарыг цалингүй ажиллуулдаг эсвэл нэлээд хэдэн сараар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд цалинжуулдаг гэнэ. Ер нь хувийн хэвшлийн салбарт хөдөлмөрийн мөлжлөг илүүтэй байдаг нь ажиглагддаг. Кейс сургалтыг чанартай явуулснаар дадлагажих нэмэлт хугацаа шаардахгүйгээр төгсөгчдийг ажлын байранд үндсэн мэргэжлийнх нь дагуу шууд ажиллуулах бололцоо нээгдэнэ. ИДС-ийн энэ жилийн сургалтын төлбөр барагцаалвал 1,500 мянган төгрөг байгаа бололтой. Эндээс нэг кредит цагийн үнэлгээ ойролцоогоор ₮1,500,000:122.5*4 кредит=₮48,980 болж байна. Гэхдээ хичээлийн жилийн улирал бүрийн кредит цагийн багц, түүний үнэлгээ ялгаатай байдаг. 4 дүгээр дамжааны 7 дугаар улиралд мэргэшүүлэх хичээл бараг бүрэн хаагддагаас  оюутан 8 дугаар улиралд зөвхөн ҮД хийдэг, төгсөлтийн ажил бичдэг, төгсөлтийн шалгалт өгдөг ч зарим сургуулийн захиргаа оюутнаас жилийн сургалтын төлбөрийн 50%-ийг нэхэмжлэн авч байх юм. ИДС-ийн төлөөлөн удирдах зөвлөл үйл ажиллагаандаа хийсэн SWOT шинжилгээнд суурилж сургалтын жил бүрийн  төлбөрт боловсролын бизнес эрхлэхтэй холбогдож орох орлого, гарах зардлын урсгалыг бараг бүрэн тусгасан баймаар юм. Зарим хувийн ИДС багш нарынхаа цалингийн өсөлтийг царцаадаг боловч оюутны сургалтын төлбөрийг инфляцийн өсөлттэй уялдуулж нэмдэг байна. Оюутны ДА явуулах бааз хомсдолтой, ААН-ийн удирдлагын зүгээс ДАтуслалцаа дэмжлэг төдийлөн үзүүлдэггүй, дадлага хийх байгууллагыг оюутнууд өөрсдөө хайж олдог, оюутны дадлагыг удирдсан ААН-ийн албан тушаалтанд ИДС-ийн зүгээс хөдөлмөрийн хөлсний ямар нэгэн урамшуулал олгодоггүй нь ажиглагддаг. Санхүү, НББ-ийн ажилтны ажлын онцлог, ачааллын талаар төсөөлөл багатай ААН-ийн удирдлага нь нягтлан бодогч нарт Тэд нарын ажлын байрны тодорхойлолтонд шууд хамааралгүй элдэв хариуцлага үүрүүлж, төрөл бүрийн комиссын бүрэлдэхүүн, олон нийтийн ажил, хурал, цуглаан, сурталчилгаанд дайчилах нь элбэг. Ер нь байгууллагынхаа бизнес төлөвлөгөө, худалдан авалт, үйлдвэрлэл, борлуулалт, санхүү, бүртгэл, хөрөнгө оруулалт, гэрээ хэлцэл, хүний нөөцийн бүрдүүлэлт зэрэг бүхий ажилд нягтлан бодогчийг татан оролцуулж байдгаас Тэд нар өдөр бүр 12-14 цагийн ажлын цагийн үргэлжлэлтэйгээр, өглөөнөөс оройн 10 цаг өнгөртөл ажиллаж байх нь хэвийн үзэгдэл мэтээр төсөөлөгддөг ажээ. Нягтлан бодогч нь дээд шатны байгууллагад мэдээ гаргаж өгнө, санхүүгийн тайлан болон албан татварын тайлан бэлтгэнэ, дарга нарын хэлэх үгэнд шаардлагатай тооцоо, судалгаа хийнэ гэж хэлээд л амралт, баяр ёслолын өдрүүдэд ч албан өрөөндөө ажилласаар байдаг. Тэд нарын нэлээд нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд ажил дээрээ хараахан гүйцээж амжаагүй зарим яаралтай мэдээ, тайлан, тооцоо, судалгаа, илтгэлийг гэртээ авчран шөнийн цагаар ажиллаж гүйцэтгэх нь элбэг тохиолддог. Бүртгэл, тайлан, тооцооны ажилтны орон тоогоо нэмүүлье, ачааллаа жигдэрүүлье, хөдөлмөрийн нормчилол тогтоолгоё хэмээн учирлахгүйгээр шаргуу хөдөлмөрлөдөг нягтлан бодогч нарын хувьд оюутны дадлага удирдахтай холбоотой нэмэгдэл, цалингүй үүрэг бас гарч ирдэг бололтой. Энэ нөхцөлд овсгоотой, сэргэлэн дадлагажигч нь архивын баримт, материалыг дугаарлах, цэгцлэж үдэх, тооллогын бүртгэлийн товчоо хийх, компьютерт элдэв тайлан, мэдээ, судалгаа шивж оруулах, олон нийтийн ажил гүйцэтгэх, энэ завсар хоорондуур дадлагын удирдамжид хамаарах тоон мэдээлэл бүхий танилцуулга, судалгаа, тайлан олж хуулбарлах, санхүүгийн программын хэрэглээний учрыг ойлгох ажлыг амжуулдаг, тэрчлэн дахин ирж дадлага хийх эсвэл сургуулиа төгсөөд ирж ажиллах урилга хүлээж авах асуудлыг ч шийдвэрлүүлдэг ажээ. Дадлага гүйцэтгэсэн ААН-ийнхээ НББ-ийн бодлогын баримт бичгийг боловсруулж өгсөн; санхүүгийн тайланд нь иж бүрэн шинжилгээ хийж тусалсан; тухайн ААН-ийн технологийн үйл ажиллагаанд мөрдөгдөх анхан шатны бүртгэлийн маягт, түүнийг хөтлөх зааврыг шинэчлэн боловсруулж өгсөн; үйлдвэрлэлийн үе шатны зардлыг нь хуримтлуулан бүртгэх, бүтээгдэхүүний өртөг тооцох илүү дэвшилттэй аргыг нэвтрүүлсэн; шууд зардлын норматив, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын норм боловсруулж, тэдгээрийн хэлбэлзлийг тооцоолох арга зүйг туршиж хэрэгжүүлсэн; санхүүгийн мастер төсөв боловсруулах ажилд оролцсон оюутан бараг тааралддаггүй. Ажигласан, танилцсан, уншсан, судалсан, гүйцэтгэсэн ажлаа өдөр бүр нэг бүрчлэн тэмдэглэдэггүй,  удирдамжийн агуулгыг бүрэн ойлгож мөрддөггүйгээс  зарим оюутан дадлагын тайлангийн хамгаалалт дээр бэрхшээлтэй учирдаг. Сурлага, төлөвшлөөрөө шилдэг оюутнуудыг ААН, байгууллагын зүгээс ажлын байрны санал болгож хүлээн авдаг боловч Тэд нарын нэлээд нь Монгол хэл дээр албан хэрэг хөтлөх, ажлын явц, үр дүнг  тодорхой, товч найруулан бичиж тайлагнах, судалгаанд үндэслэн шийдвэр гаргах чадварыг сул эзэмшсэн, бие дааж бүтээлчээр ургуулан бодож ажиллахад суралцаагүй, бүхнийг интернетээс хайхыг урьтал болгодог, бэлэнчлэн хуулбарладаг, түүндээ өөрийн санал бодол, шүүн тунгаасан эрэгцүүлэл, нэмэлт боловсруулалтыг шигэтгэн оруулж заншаагүй нь ажиглагддаг хэмээн ярьдаг. Эртний Грекийн гүн ухаантан Сократ “Өөрийгөө таньж мэд” гэж захидаг байжээ. Өөртөө дүгнэлт хийж сураагүй, өөрийнхөө мэддэггүй зүйлээ хараахан олж хараагүй, дипломын дүн, гадаад хэлний болон компьютерийн хэрэглээний мэдлэгийн бусдаас ялгаатай, ахиу түвшиндээ сэтгэл ханасан зарим залуучууд албан тушаал, цалин, ажлын байраа чамлаж, богино хугацаанд олон ажил сэлгэх нь ажиглагддаг бололтой. Алаг хорвоод тэмцэлдэж амьдарахад амжилт, бэрхшээл; тэвчээр, хүлээлт; сайн, саар ээлжилж л байдаг. Сургуулийн танхимд багшаас сонссон зүйл нь хүний насан туршид хөлсөө асгаруулан хөдөлмөрлөх, хуримтлуулж хэрэгжүүлэх ёстой мэдлэг, чадвар, дадлын ердөө 1 % гэж яридаг тал бий. Анхны сонгосон мэргэжил, эхлүүлсэн ажилдаа үнэнчэээр шамдан зүтгэвэл, алхам алхмаар чадвар, дадал хуримтлагдаж, тэвчээртэйгээр бага зэрэг хүлээсний эцэст залуу хүний мөрөөдөл аяандаа сэтгэлчлэн биелэж, нэр хүнд, албан тушаал, анхаарал, халамжийн дээдэд хүрнэ дээ гэдгийг санаж ажиллахад илүүдэхгүй. Ер нь сонирхол татсан, ер бусын, өвөрмөгц зүйлийг сонгон авч, бичиж, тэмдэглэж, олон удаа, өөр өөр арга, хувилбараар туршин үзэж, тооцоолон шалгаж байж л бусдаас урьтаж, цаг хугацааг товчилсон шинэ мэдлэг, шинэ сэдэл, нээлтийг бүтээж болдог билээ. Сургалтанд интернет, компьютер, ухаалаг утас, цахим хэрэгслийг хяналтаас хэтрүүлэн хэрэглэх нь уламжлалт сургалтын дэвшилтэт бүхнийг бүдэгрүүлж, суралцагчдад өөрийнхөө оюуны төрлөхийн авъяас чадвараа нээн ашиглах боломжийг хааж бэлэнчлэх сэтгэлгээг урьтал болгоход замчилж байдаг бололтой. ИДС-ийг амжилттай төгссөн залуугаас төслийн багт орж ажиллах гэсэн өрөгдлөө бичээд өгөөч гэхэд танайд интернет байгаа юу? хараад бичих загвар байна уу? гэсэн асуултыг сөргүүлэн тавьж байх нь ажиглагддаг. Дараах сэдвээр бичсэн дипломын ажил, ангийн ажил, дадлагын тайлангийн файлыг хямд зарна, бичиж өгнө гэсэн зар мэдээлэл интернет дээр байршсан нь харагдаж байдаг. Заримдаа дараах сэдвээр бичсэн дипломын ажил, ангийн ажлаар туслаач, үнэ тохиролцож худалдаж авна гэсэн цахим захиа ирж л байх юм. Энэ нөхцөлд Питталийн “Сайн хүн байх хэцүү” гэсэн үг санаад ордог. Иймд эхий ээлжинд ИДС-ийн бакалаврийн болон магистрийн төгсөлтийн ажлыг цахим сүлжээний хяналтанд оруулчихвал зүгээр болов уу? гэж бодогддог. Мөн блог нийтлэл, ВЭБ сайт, ном, сэтгүүлээс хуулбарласан үг хэллэг, томъёо, график, бүдүүвч болон үүсмэл шинэ санаа, мэдлэгийнхээ эх үүсвэрийн эшлэлийг орхигдуулдаг зуршил байдаг бололтой. Номын нэгэн том дэлгүүрт хэдэн оюутан бөөгнөрч зогсоод харилцан ярилцаж байх тэр агшинд Тэд нарын нэг нь ухаалаг утсаараа номын хуудсыг хуулбарласаар байгаа нь харагдсан. Харин сүүлийн үед зарим номын хавтасыг гадуур нь полиэтилен нимгэн хальсаар боож хамгаалах болсон нь аятайхан санагдсан шүү. Дээд шатны шийдвэр гаргагч, агентлагын хэрэгжүүлэгчид төрийн өмчийн ИДС-ийн сургалтын агуулга, чанар, нэр хүндийг чамлаад хүүхдээ өндөр төлбөртэй хувийн өмчийн сургуульд эсвэл гадаад орны сургуульд суралцуулдаг. Харин тэдгээр гадаад орны иргэдээс Монголын төрийн өмчийн болоод хувийн өмчийн сургуульд суралцахаар ирж байгаа нь бараг ажиглагддаггүй. Гадаадын иргэд Монголд ИДС байгуулж, өөрсдөө багшилдаг ч өөрсдийн орноос оюутан ирүүлж сургаж байгаа нь тэр бүр сонсогддоггүй. Монголын ИДС-д физик, математик, хими, биологи, инженерийн чиглэлээр суралцахаар гадаадын иргэд ирж суралцаад эхэлвэл манай ИДС-иудын хувьд дэлхийн боловсролын даяарчлалд танигдаж, хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн эхний алхам байж болох талтай. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, татвар, хэрэглээний математикийн сургалтаар ямар ч нэмэгдэл зардал шаардахгүйгээр, 6-хан сарын дотор дэлхийн шилдэг 10 сургуулийн жишиг түвшинд нийцэх үнэ төлбөргүй, цахим сүлжээгээрх лекцийн файл, багшийн блог нийтлэл бэлтгэх боломжийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Сангийн яам, ИДС-иуд, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт зэрэг академи, хүрээлэн хэрэгжүүлэхгүй байгаад харамсаж, гайхаш төрж байх юм. Энэ чиглэлээр дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн шинэ санаа, шинэ мэдлэг, нээлт бүтээсэн бол тухай бүрд нь нээлттэй, хүртээмжтэйгээр мэдээлж, ил тод харуулж байвал тустай билээ. Нэг талаас шинэ мэдлэг, шинэ санаа, нээлтийг бүтээгч, туршин хэрэгжүүлэгч-багш, судлаач нар, нөгөө талаас тэдгээрийг хүлээн авдаг хэрэглэгч, эзэмшигч-суралцагчид хичээлийн хонхны дуутай уралдан хичээл бүр дээр, нэг дор уулзаж, санал бодлоо хуваалцаж байдгаараа суурь судалгаа эрхэлдэг Шинжлэх ухааны академиас ялгаатай бөгөөд орон зай, цаг хугацаанаас хамааралгүйгээр академик мэдлэгийг шууд прагматик хэрэглээ болгон хувиргах, материаллагжуулах давуу талтай байдаг гэдэг. Энэ удаа Google.com нийгмийн сүлжээнд бие даасан судлаач Бид нар өөрсдийн бичиж байршуулсан зарим блог нийтлэлийнхээ хайлтын үр дүнгээс Web болон Images (Windows Photo Views)  хэлбэрээр хэсэгчлэн танилцуулж байна. Хэрэв Та Google.com-оор аялавал “Genius greatest textbooks in econometrics & math fin & accounting etc” буюу “Эконометрикс, санхүүгийн математик, нягтлан бодох бүртгэлийн агуу их, суут сурах бичгүүд” хэмээх хайлтаар илэрэх судлаач Бид нарын блог нийтлэлийн Web болон Images үр дүнг доор харуулсантай танилцах боломжтой. Мөн 2012 оны 3 сарын 10-нд tyondon.blogspot.com-д байршуулсан Methods of setting up normative numbers of accountants хэмээх нийтлэлийг сонирхоорой. Энэхүү блог нийтлэлд харуулсан арга зүйгээс санаа авч нягтлан бодогчдын орон тооны нормативын хандлагын тэгшитгэлийг нийгэм-эдийн засгийн салбарын ангилал, дэд салбараар төрөлжүүлж, ААН, албан газрын үйл ажиллагааны цар хэмжээ, нэр төрлөөс хамааруулан тогтоож болох талтай. Судалгааны эмпирик үзүүлэлтийн тоон цуваанд логик дүгнэлт хийх замаар үзүүлэлтүүдийн хоорондох харилцан хамаарлыг илүү зөв илэрхийлж чадах шугаман хамаарлын тэгшитгэлийг эсвэл шугаман бус хамаарлын тэгшитгэлийг сонгох нь зохистой. Ажиллагсдын тоо болон борлуулалтын орлого нь нягтлан бодогчдын тооны нормативыг хэд хэдэн хувилбарт сонголттойгоор тогтоох, тэд нарын ирээдүйн төлөвлөгөөт тоог урьдчилан таамаглах, ажилтан нэг бүрийн ажлын ачааллыг зөв баримжаалах бололцоог олгоно. Тодорхой хугацаанд компьютерт шивж оруулсан үсгийн тэмдэгтийн тоо, хуудасны тоо, тэрчлэн нягтлан бодогчийн ажилласан хүн цагийн тоог дээрх 2 үзүүлэлтэнд нэмэлт болгон ашиглах боломжтой. Мөн хөндлөнгийн хяналт (аудит)-ын болон аутсорсингийн төрөл бүрийн зөвлөх үйлчилгээний үнэ хөлсийг үйлчлүүлэгч ба гүйцэтгэгч байгууллагууд харилцан тохиролцох, энэ талын төлбөрийг гүйцэтгэхэд орон тооны нормативын загварыг олон хувилбартайгаар ашиглаж болно. Outsourcing гэдэг нь OUTside(гаднын)+reSOURCE(нөөц, боломж) хэмээх 2 үгийн бүтцийн хэсгийн  хураангуй илэрхийлэл юм.The images have posted on Tunteg Yondon-Google plus.

Wednesday, May 6, 2015

Зардлын бүртгэлийн хичээлийн тухай,нийтлэл 31.,About a tentative syllabus of cost accounting subject,post 31






Зардлын бүртгэлийн хичээлийн тухай, нийтлэл 31., About a tentative syllabus of cost accounting subject, post 31, page1,2,3


Зардлын бүртгэлийн хичээлийн тухай, нийтлэл 31., About a tentative syllabus of cost accounting subject, post 31



Зардлын бүртгэлийн хичээлийн тухай, нийтлэл 31., About a tentative syllabus of cost accounting subject, post 31
Зардлын бүртгэл (ЗБ) нь зардал, өртгийг тооцох, төлөвлөх, гүйцэтгэлийг үнэлж, хяналт тавихтай холбоотой шууд материал, шууд хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал (ҮНЗ), үйл ажиллагааны зардaл (ҮАЗ)-ын сар, улирлын мэдээллээр дотоод хэрэглэгчдийг хангаж, санхүүгийн тайлагналын болон удирдлагын бүртгэлийг зохион байгуулах үндсэн мэдээллийн санг бүрдүүлдэг. ЗБ нь санаанд төсөөлөмгүйгээр түргэн өөрчлөгдөж, шинэчлэгдэж, төрөлжиж, нэгдэн нийлж байгаа үйлдвэрлэл, менежмент, маркетингийн үйл явцыг бүртгэж, журналдаж, нэгэтгэж, тайлагнаж, тусган харуулж байдаг тул энэхүү хандлагад нийцүүлж ЗБ-ийн тогтолцоо, тайлагнал, шинжилгээний арга зүйг боловсронгуй болгох шаардлага тавигддаг. Гар утас, компьютер, сансарын багаж хэрэгсэл л гэхэд 1-2 жилд хөгжил дэвшлийн өөр үеэр солигдох болсон нь тэдгээрт гарах ялгаварт зардлыг урьдчилан төсөвлөх, гүйцэтгэлийг хянах, үйлдвэрлэлийн зардлын хэлбэлзлийг тооцоолох, нөлөөлсөн хүчин зүйлсийг илэрхийлэх, зах зээлийн эрэлт ба нийлүүлэлтийн магадлалыг прогнозчилохыг шаардах болжээ. Нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээний зардал ба орлогын нарийвчилсан, зэрэгцүүлж харьцуулсан тооцоо хийж, улмаар нэгдсэн дүнгээр төсөвлөгдөх нийт ашиг болон орлогын албан татварын дараах цэвэр ашиг, нэгж хувьцаанд ногдох ашгаа ч шинжилж үзэх хэрэгтэй болдог. Олон улсын бүртгэлийн стандарт гэгч явцуу, тунхаглалын шинжтэй ойлголтонд баригдаж хүлэгдэхгүйгээр чөлөөт сэтгэлгээнд суурилж, хэрэглээний математикийн болон математик-статистикийн аргын сонголтот олон хувилбартайгаар ЗБ-ийн мэдээллийн санг бүрдүүлэх, боловсруулах, туршин хэрэгжүүлэх, хэрэглэх, түгээх, хуваалцах боломжтой байдгаараа ЗБ нь онцлог талтай. Иймд ЗБ-ийн судлах зүйл, агуулга, хамрах асуудлын хүрээнд дахин давтагдашгүй, өвөрмөгц шинэ санаа, шинэ мэдлэг, нээлт бүтээх, хөгжүүлэх, түгээх, хуваалцах, хэрэгжүүлэх, экспортлох өргөн боломж нээлттэй байдаг бөгөөд энэ бүхэн нь Санхүүгийн тайлагналын Монголын үндэсний стандарт (СТМҮС)-ыг бүтээх, хөгжүүлэх, мөн тэрчлэн удирдлагын бүртгэл (УБ)-ийн цоо шинэ мэдлэг, шинэ санаа дэвшүүлэн хэрэгжүүлэх суурь нь болж чадна. Ер нь ЗБ-ийн агуулгыг УБ уламжлан үргэлжлүүлдэг гэж болно. ЗБ, бусад шаардлагатай мэдээлэл болон санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)-д нийцүүлэн зохион байгуулсан санхүүгийн бүртгэлийг ашиглаж бэлтгэсэн судалгаа, шинжилгээ, үнэлэлт, дүгнэлтэнд суурилаж УБ-д хамаарах төлөвлөгөө, төсөв, төсөл зохиодог, удирдлагын шийдвэрийг боловсруулдаг билээ. Тухайлбал, мастер төсөв бэлтгэхэд шугаман тэгшитгэл, матриц дээр хийх үйлдэл, стандарт өртгийн шинжилгээнд хувьсах хэмжигдэхүүнийг ээлжлэн орлуулах арга, дифференциал тоололын арга, үл хамааран хувьсагчийн үлдэгдлийг нэмэх арга, хугралын цэгийн шинжилгээнд хавтгайн аналитик геометрийн арга, хамгийн бага квадратын арга, шугаман алгебрийн арга, шингээх өртгөөрх болон шууд зардлаарх орлогын тайлагналд хувьсах хэмжигдэхүүнийг ээлжлэн орлуулах арга, хөрөнгө оруулалтын эдийн засгийн үнэлгээ хийх болон үнэт цаасны үнэ цэнийг тооцоолоход логарифмын хувиргалт, маркетингийн зардлын шинжилгээ ба ахиуц ашгийн шинжилгээнд хувьсах хэмжигдэхүүнийг ээлжлэн орлуулах арга, дифференциал тоололын арга хэрэглэх өргөн боломжтойг бие даасан судлаач Бид нар 2007 онд бичсэн “Удирдлагын бүртгэл” сурах бичигтээ олон жишээгээр эш татаж аргачилан тайлбарласан билээ. Бакалаврын сургалтаар суралцагчид ЗБ-ийн хичээлийг гол төлөв мэрэгжлийн эсвэл мэргэшүүлэх хичээлд хамруулж 3-4.5 кредит цагаар судалдаг. 16 цагийн лекц эсвэл 32 цагийн семинарын хичээл нь тус бүр нэг кредит цагийг бүрдүүлдэг. Бакалаврын сургалтын дараах мэргэшсэн нягтлан бодох бүртгэл (НББ)-ийн цол олгох сургалтанд мөн л ЗБ-ийг орчуулгын өнгө аястай, нэлээд хоцрогдсон агуулгатайгаар үргэлжлүүлэн судалдаг бололтой. Зардлыг хуримтлуулан бүртгэх, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өртөг тооцоход гол төлөв бөөн дүнгийн арга, ажлын захиалгын арга, технологийн үе шатаар зардлыг хуримтлуулан бүртгэж өртөг тооцох арга, үйл ажиллагаанд суурилсан өртөг тооцох арга (Method of activity based costs)-ыг түлхүү хэрэглэдэг. Эдгээрээс уул уурхайн олборлох, боловсруулах салбарын зардлыг хуримтлуулан бүртгэх, өртөг тооцоход сүүлийн 2 аргыг дангаар нь эсвэл хослуулан ашиглах бололцоотой. Технологийн үе шатаар зардлыг хуримтлуулан бүртгэж өртөг тооцоход дуусаагүй үйлдвэрлэлийн үлдэгдэл, шууд материал, шууд хөдөлмөр, ҮНЗ-ыг тухайн дамжлага (цех)-ын үйлдвэрлэлийн өртгийн тайланд нэгтгэдэг.  Уг тайлан нь тоо хэмжээний үзүүлэлт, цехэд тусгагдах зардал, цехэд тусгагдсан зардлын бүтцээс бүрддэг. Method of activity based costs-ыг АВС арга хэмээн хураангуйлан нэрлэх нь элбэг. Уламжлалт өртгийн тогтолцоонд өртгийн объект болох бүтээгдэхүүн (үйлчилгээ)-д шууд материалын зардал ба шууд хөдөлмөрийн зардлыг шингээж, ҮНЗ-ыг хуваарилсны дараагаар бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртгийг тодорхойлдог. Энэ нөхцөлд үйлдвэрлэлийн бус зардал болох ҮАЗ-ыг  бүтээгдэхүүн (үйлчилгээ)-д хуваарилдаггүй. Харин АВС арга нь үйлдвэрлэлийн зардлаар хязгаарлагдахгүйгээр хэрэглээний зах зээл болох бүтээгдэхүүний каталог бэлтгэж хүргүүлэх, захиалга хийх, бараа хадгалах, тээвэрлэх, хуваарилах хүрээг хамарч, түүнийг хэрэгжүүлэх хөрөнгийн ба хүний нөөцийн хангалт, тэдгээрт шаардагдах зардлын тооцооллыг ч багтаадаг. ЗБ-д матриц дээр хийх үйлдэл, шугаман алгебр, хувьсах хэмжигдэхүүнийг ээлжлэн орлуулах арга, дифференциал тоолол, илтгэгч функци, логарифмын хувиргалт, уламжлал, динамик шинжилгээний арга, системт тэгшитгэл, хавтгайн аналитик геометр, дадлагажих муруй, хувьсах хэмжигдэхүүнүүдийн хоорондох шугаман ба шугаман бус хамаарал, математик-статистик, магадлалын онолын элементүүдийг ашиглах бололцоог алдаж байгаа нь харамсалтай. Бие даасан судлаач Бид нар 2004 онд зардлын болон удирдлагын бүртгэлийн хамгийн ээдрээтэй явцуу хэсэг гэгддэг ҮНЗ болон ҮАЗ-ын шинжилгээнд хувьсах хэмжигдэхүүнийг ээлжлэн орлуулах арга, дифференциал тоолол, хосолсон аргыг анхдагч нь болж боловсруулан хэрэглэж Монголын их, дээд сургууль (ИДС)-ийн НББ-ийн сургалтанд нэвтрүүлсний дээр сүүлийн 10 гаруй жилд Америк, Европ тивийн шилдэг их сургуулиуд, судалгааны төвүүдэд интернетийн сүлжээгээр тасралтгүй түгээж хэлэлцүүлсээр ирсэн. Иймд гадаадын ойлгомж багатай, Монголын санхүү, бүртгэл, татварын хөрсөнд шууд нутагшуулахад бэрхшээлтэй СТОУС-ыг шууд механикаар хуулбарлах замаар, мөн тэрчлэн  түүний хоорондоо шүтэлцээгүй, харилцан уялдаагүй бүлгүүдийг нэгтгэж эвлүүлэх байдлаар, мөн ЗБ, УБ, үндэсний татварын бүртгэлийн шинэчлэл, өөрчлөлтөнд суурилахгүйгээр СТМҮС-ыг бүтээх гэж оролдож болохгүй байх гэж бодох юм. Гадаадын юм бүхэн шударга, үр өгөөжтэй, тэргүүлэгч, замчлагч байдаггүй бололтой. Монголд гадаадын болон гадаадтай хамтарсан төрийн өмчийн ба хувийн хэвшлийн хэд хэдэн ИДС үйл ажиллагаа эрхэлсээр байна. Гэвч 2013 оны эцсээс эхлэлтэй дээд боловсролын хөтөлбөрийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлтөнд хөтөч, жишиг болохоор ямар нэгэн эерэг зүйлийг тэдгээр нь бараг бүтээсэнгүй. Монголд үйл ажиллагаа эрхэлдэг гадаадын гэсэн тодотголтой, өндөр төлбөртэй ИДС, тэдгээрийн багшлах бүрэлдэхүүнээс дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн санд танигдаж бүртгэгдсэн ЗБ, УБ-ийн аливаа шинэ санаа, шинэ мэдлэг, нээлтийг сонсоогүй бөгөөд Google.com., Yghoo.com-ын хайлтаар энэ чиглэлийн нааштай үр дүн илэрдэггүй билээ. Мөн Монголд хөрөнгө оруулж урт болон богино хугацаагаар уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж ирсэн гадаадын компаниуд ч Монголын ИДС-ийн дэлхийн зэрэглэлийг ахиулах, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлд тулгарч байгаа бэрхшээлийг эрсдэлгүй даван туулах, дэлхийд жишиг болохуйц лекцийн багцыг бүтээх, үндэсний загвар сурах бичгүүдийг гаргахад үзүүлсэн мэдэгдэм туслалцаа дэмжлэг СТМҮС, санхүүгийн мэргэшсэн шинжилгээ, ЗБ, УБ, татварын бүртгэлийн сургалт, судалгааны чиглэлээр л гэхэд бараг ажиглагдсангүй. Санхүүгийн мэргэшсэн шинжээч бэлтгэнэ, аттестатчилалд хамруулж батламж олгоно ч гэх шиг элдэв нэр хаягтай гадаадын дамжаа, сургалтын зар сурталчилгаа нийгмийн сүлжээнд байршсан байх нь харагдах болсон тул түүний чанар, өгөөжийг ч сайжруулах л хэрэгтэй. Жил бүр “Эдийн засгийн форум” гэгчийг зохион байгуулдаг ч түүний хэлэлцэх асуудлын сонголт, гаргасан шийдвэрийн хэрэгжилт, биелэлт, тайлагнал нь үр нөлөө багатай болж өнгөрсөөр л...Мөн уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх, түүний эдийн засгийн өгөөжийг дээшлүүлэх, гэрээ хэлцэл байгуулах, эрх зүйн орчинг сайжруулах, хүндрэл бэрхшээлийг арилгах талаар ерөнхий байдлаар хэлэлцдэг ч мөн л үр дүн багатайхан шиг давтагдаж яригдсаар л байх юм. Энэ бүхний цаана түгээмэл нэг л хэмжүүр, үр ашгийн төвлөрсөн илэрхийлэл болох ашгийн тухай яриа гарч байдаг зүй тогтолтой. НББ-ийн харилцааг тодорхойлох, зохион байгуулах, тайлагнах хэмжүүр болсон төгрөгөөр ашгийг илэрхийлдэг. Бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд цуврал алхамаар гүйцэтгэгдэх ажил гүйлгээний тоон мэдээллийг тэмдэглэх, журналдах, ангилах, бүлэглэх, тайлагнах, дүгнэх, санхүүгийн мэдээллийг боловсруулахад хэрэглэдэг түгээмэл хэмжих нэгж бол мөнгө билээ. Иймд юуны урьд үндэсний НББ-ийн тогтолцоо, түүний бодлого, арга зүй, хүний нөөц, сургалт, судалгаанд  шинэчлэлт, өөрчлөлт, дэвшил хийх цаг нь ирсэн байж магадгүй. Удирдлагын макро болон микро шат, нийгэм-эдийн засгийн бүхий л хүрээнд мөнгөний орох ба гарах урсгалыг нэг бүрчлэн ил тод, бүрэн хянахын тулд НББ-ийн бүх бүрэлдэхүүн хэсгийг холбосон тайлагнал, хяналт шинжилгээний нэгдсэн сүлжээг байгуулж болох талтай. Аж ахуйн нэгжид ажил гүйлгээг анхан шатны баримтанд тусгах, журналдах, ерөнхий дэвтэрт бичилт хийх, ажлын хүснэгт болон санхүүгийн тайлан бэлтгэх, тохируулах бичилт, хаалтын бичилт хийх, хаалтын дараах шалгах баланс бэлтгэх, санхүүгийн мэдээллийг тайлбарлах зэрэг НББ-ийн нийт орчлын үе шатны мэдээллийн урсгал нь дээрх нэгдсэн сүлжээнд холбогдох микро түвшний анхдагч  хэсэг байж болох юм. Ирэх 2016 оны “Эдийн засгийн форум”, Mining 2016 мөрөөдөл, горьдлого, амлалт, үзүүлбэр, уриа лоозон багатайхан шиг, харин цөөн ч гэсэн бодит, үр өгөөжтэй ажлаар угтан золгох юмсан. Тухайлбал, уул уурхайн салбарт баримтлах СТМҮС болон зардлын бүртэлийн дэлхийд жишиг болохуйц шинэ, шилдэг сурах бичгийг бүтээчихсэн байвал зүгээрсэн. Мөн уул уурхайн олборлох, боловсруулах салбарын төрийн өмчийн ба төрийн өмчийн оролцоотой компанийн технологийн явцад мөрдөгдөх анхан шатны бүртгэлийн маягт, нөхөх зааврыг ч эрх бүхий санхүү, статистикийн байгууллагаас боловсруулж, батлан мөрдүүлэхэд болохгүй зүйлгүй гэж бодох юм. Энэ удаа Google web site-д tyondon.blogspot.com бүртгэлийн tyondon-researcher., tyondon_@yahoo.com цахим хаягаар 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байршуулсан “Tentative syllabus of cost accounting lectures” нийтлэлтэйгээ танилцуулж байна. ЗБ, шинжилгээний сэдэв тус бүрийн хувьд уламжлалт шууд тооцооны аргаас эрс ялгаатай, хоорондоо хамааралгүй 2-5 хувилбарт аргыг шинээр боловсруулан ИДС-ийн сургалтанд нэвтрүүлж, түүний бодит хэрэглээг сурах бичиг, блог нийтлэлийн хэлбэрээр гадаад, дотоодод баялаг тоон жишээгээр аргачлан тайлбарлаж, хэлэлцүүлж ирлээ. Тухайлбал, холимог зардлын ангилал, хэсэгчлэлд дээд ба доод цэгийн арга, графикийн арга, хамгийн бага квадратын аргыг хэрэглэж ирсэн уламжлалыг баяжуулан хөгжүүлж, бие даасан судлаач Бид нар хавтгайн аналитик геометрийн арга, дифференциал тоололын арга, системт тэгшитгэлийн арга, шугаман алгебрийн арга, үл мэдэгдэх хэмжигдэхүүнийг дэс дараалан зайлуулах аргыг шинээр боловсруулж сургалтын практикт нэвтрүүлснээс зарим нь дэлхийн “Тор” хэмээх алдартай их сургуулийн хэрэглээний математикийн сургалтанд бие даасан судлаач Бид нарын домайн хаягтайгаар хэрэглэгдсээр байна. tyondon.com., tyondon.mn болон Tunteg Yondon with web & images гэсэн хайлт хийж судлаач Бид нарын зарим нийтлэлтэй танилцаарай.