Wednesday, May 6, 2015

Зардлын бүртгэлийн хичээлийн тухай,нийтлэл 31.,About a tentative syllabus of cost accounting subject,post 31






Зардлын бүртгэлийн хичээлийн тухай, нийтлэл 31., About a tentative syllabus of cost accounting subject, post 31, page1,2,3


Зардлын бүртгэлийн хичээлийн тухай, нийтлэл 31., About a tentative syllabus of cost accounting subject, post 31



Зардлын бүртгэлийн хичээлийн тухай, нийтлэл 31., About a tentative syllabus of cost accounting subject, post 31
Зардлын бүртгэл (ЗБ) нь зардал, өртгийг тооцох, төлөвлөх, гүйцэтгэлийг үнэлж, хяналт тавихтай холбоотой шууд материал, шууд хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал (ҮНЗ), үйл ажиллагааны зардaл (ҮАЗ)-ын сар, улирлын мэдээллээр дотоод хэрэглэгчдийг хангаж, санхүүгийн тайлагналын болон удирдлагын бүртгэлийг зохион байгуулах үндсэн мэдээллийн санг бүрдүүлдэг. ЗБ нь санаанд төсөөлөмгүйгээр түргэн өөрчлөгдөж, шинэчлэгдэж, төрөлжиж, нэгдэн нийлж байгаа үйлдвэрлэл, менежмент, маркетингийн үйл явцыг бүртгэж, журналдаж, нэгэтгэж, тайлагнаж, тусган харуулж байдаг тул энэхүү хандлагад нийцүүлж ЗБ-ийн тогтолцоо, тайлагнал, шинжилгээний арга зүйг боловсронгуй болгох шаардлага тавигддаг. Гар утас, компьютер, сансарын багаж хэрэгсэл л гэхэд 1-2 жилд хөгжил дэвшлийн өөр үеэр солигдох болсон нь тэдгээрт гарах ялгаварт зардлыг урьдчилан төсөвлөх, гүйцэтгэлийг хянах, үйлдвэрлэлийн зардлын хэлбэлзлийг тооцоолох, нөлөөлсөн хүчин зүйлсийг илэрхийлэх, зах зээлийн эрэлт ба нийлүүлэлтийн магадлалыг прогнозчилохыг шаардах болжээ. Нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээний зардал ба орлогын нарийвчилсан, зэрэгцүүлж харьцуулсан тооцоо хийж, улмаар нэгдсэн дүнгээр төсөвлөгдөх нийт ашиг болон орлогын албан татварын дараах цэвэр ашиг, нэгж хувьцаанд ногдох ашгаа ч шинжилж үзэх хэрэгтэй болдог. Олон улсын бүртгэлийн стандарт гэгч явцуу, тунхаглалын шинжтэй ойлголтонд баригдаж хүлэгдэхгүйгээр чөлөөт сэтгэлгээнд суурилж, хэрэглээний математикийн болон математик-статистикийн аргын сонголтот олон хувилбартайгаар ЗБ-ийн мэдээллийн санг бүрдүүлэх, боловсруулах, туршин хэрэгжүүлэх, хэрэглэх, түгээх, хуваалцах боломжтой байдгаараа ЗБ нь онцлог талтай. Иймд ЗБ-ийн судлах зүйл, агуулга, хамрах асуудлын хүрээнд дахин давтагдашгүй, өвөрмөгц шинэ санаа, шинэ мэдлэг, нээлт бүтээх, хөгжүүлэх, түгээх, хуваалцах, хэрэгжүүлэх, экспортлох өргөн боломж нээлттэй байдаг бөгөөд энэ бүхэн нь Санхүүгийн тайлагналын Монголын үндэсний стандарт (СТМҮС)-ыг бүтээх, хөгжүүлэх, мөн тэрчлэн удирдлагын бүртгэл (УБ)-ийн цоо шинэ мэдлэг, шинэ санаа дэвшүүлэн хэрэгжүүлэх суурь нь болж чадна. Ер нь ЗБ-ийн агуулгыг УБ уламжлан үргэлжлүүлдэг гэж болно. ЗБ, бусад шаардлагатай мэдээлэл болон санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)-д нийцүүлэн зохион байгуулсан санхүүгийн бүртгэлийг ашиглаж бэлтгэсэн судалгаа, шинжилгээ, үнэлэлт, дүгнэлтэнд суурилаж УБ-д хамаарах төлөвлөгөө, төсөв, төсөл зохиодог, удирдлагын шийдвэрийг боловсруулдаг билээ. Тухайлбал, мастер төсөв бэлтгэхэд шугаман тэгшитгэл, матриц дээр хийх үйлдэл, стандарт өртгийн шинжилгээнд хувьсах хэмжигдэхүүнийг ээлжлэн орлуулах арга, дифференциал тоололын арга, үл хамааран хувьсагчийн үлдэгдлийг нэмэх арга, хугралын цэгийн шинжилгээнд хавтгайн аналитик геометрийн арга, хамгийн бага квадратын арга, шугаман алгебрийн арга, шингээх өртгөөрх болон шууд зардлаарх орлогын тайлагналд хувьсах хэмжигдэхүүнийг ээлжлэн орлуулах арга, хөрөнгө оруулалтын эдийн засгийн үнэлгээ хийх болон үнэт цаасны үнэ цэнийг тооцоолоход логарифмын хувиргалт, маркетингийн зардлын шинжилгээ ба ахиуц ашгийн шинжилгээнд хувьсах хэмжигдэхүүнийг ээлжлэн орлуулах арга, дифференциал тоололын арга хэрэглэх өргөн боломжтойг бие даасан судлаач Бид нар 2007 онд бичсэн “Удирдлагын бүртгэл” сурах бичигтээ олон жишээгээр эш татаж аргачилан тайлбарласан билээ. Бакалаврын сургалтаар суралцагчид ЗБ-ийн хичээлийг гол төлөв мэрэгжлийн эсвэл мэргэшүүлэх хичээлд хамруулж 3-4.5 кредит цагаар судалдаг. 16 цагийн лекц эсвэл 32 цагийн семинарын хичээл нь тус бүр нэг кредит цагийг бүрдүүлдэг. Бакалаврын сургалтын дараах мэргэшсэн нягтлан бодох бүртгэл (НББ)-ийн цол олгох сургалтанд мөн л ЗБ-ийг орчуулгын өнгө аястай, нэлээд хоцрогдсон агуулгатайгаар үргэлжлүүлэн судалдаг бололтой. Зардлыг хуримтлуулан бүртгэх, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өртөг тооцоход гол төлөв бөөн дүнгийн арга, ажлын захиалгын арга, технологийн үе шатаар зардлыг хуримтлуулан бүртгэж өртөг тооцох арга, үйл ажиллагаанд суурилсан өртөг тооцох арга (Method of activity based costs)-ыг түлхүү хэрэглэдэг. Эдгээрээс уул уурхайн олборлох, боловсруулах салбарын зардлыг хуримтлуулан бүртгэх, өртөг тооцоход сүүлийн 2 аргыг дангаар нь эсвэл хослуулан ашиглах бололцоотой. Технологийн үе шатаар зардлыг хуримтлуулан бүртгэж өртөг тооцоход дуусаагүй үйлдвэрлэлийн үлдэгдэл, шууд материал, шууд хөдөлмөр, ҮНЗ-ыг тухайн дамжлага (цех)-ын үйлдвэрлэлийн өртгийн тайланд нэгтгэдэг.  Уг тайлан нь тоо хэмжээний үзүүлэлт, цехэд тусгагдах зардал, цехэд тусгагдсан зардлын бүтцээс бүрддэг. Method of activity based costs-ыг АВС арга хэмээн хураангуйлан нэрлэх нь элбэг. Уламжлалт өртгийн тогтолцоонд өртгийн объект болох бүтээгдэхүүн (үйлчилгээ)-д шууд материалын зардал ба шууд хөдөлмөрийн зардлыг шингээж, ҮНЗ-ыг хуваарилсны дараагаар бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртгийг тодорхойлдог. Энэ нөхцөлд үйлдвэрлэлийн бус зардал болох ҮАЗ-ыг  бүтээгдэхүүн (үйлчилгээ)-д хуваарилдаггүй. Харин АВС арга нь үйлдвэрлэлийн зардлаар хязгаарлагдахгүйгээр хэрэглээний зах зээл болох бүтээгдэхүүний каталог бэлтгэж хүргүүлэх, захиалга хийх, бараа хадгалах, тээвэрлэх, хуваарилах хүрээг хамарч, түүнийг хэрэгжүүлэх хөрөнгийн ба хүний нөөцийн хангалт, тэдгээрт шаардагдах зардлын тооцооллыг ч багтаадаг. ЗБ-д матриц дээр хийх үйлдэл, шугаман алгебр, хувьсах хэмжигдэхүүнийг ээлжлэн орлуулах арга, дифференциал тоолол, илтгэгч функци, логарифмын хувиргалт, уламжлал, динамик шинжилгээний арга, системт тэгшитгэл, хавтгайн аналитик геометр, дадлагажих муруй, хувьсах хэмжигдэхүүнүүдийн хоорондох шугаман ба шугаман бус хамаарал, математик-статистик, магадлалын онолын элементүүдийг ашиглах бололцоог алдаж байгаа нь харамсалтай. Бие даасан судлаач Бид нар 2004 онд зардлын болон удирдлагын бүртгэлийн хамгийн ээдрээтэй явцуу хэсэг гэгддэг ҮНЗ болон ҮАЗ-ын шинжилгээнд хувьсах хэмжигдэхүүнийг ээлжлэн орлуулах арга, дифференциал тоолол, хосолсон аргыг анхдагч нь болж боловсруулан хэрэглэж Монголын их, дээд сургууль (ИДС)-ийн НББ-ийн сургалтанд нэвтрүүлсний дээр сүүлийн 10 гаруй жилд Америк, Европ тивийн шилдэг их сургуулиуд, судалгааны төвүүдэд интернетийн сүлжээгээр тасралтгүй түгээж хэлэлцүүлсээр ирсэн. Иймд гадаадын ойлгомж багатай, Монголын санхүү, бүртгэл, татварын хөрсөнд шууд нутагшуулахад бэрхшээлтэй СТОУС-ыг шууд механикаар хуулбарлах замаар, мөн тэрчлэн  түүний хоорондоо шүтэлцээгүй, харилцан уялдаагүй бүлгүүдийг нэгтгэж эвлүүлэх байдлаар, мөн ЗБ, УБ, үндэсний татварын бүртгэлийн шинэчлэл, өөрчлөлтөнд суурилахгүйгээр СТМҮС-ыг бүтээх гэж оролдож болохгүй байх гэж бодох юм. Гадаадын юм бүхэн шударга, үр өгөөжтэй, тэргүүлэгч, замчлагч байдаггүй бололтой. Монголд гадаадын болон гадаадтай хамтарсан төрийн өмчийн ба хувийн хэвшлийн хэд хэдэн ИДС үйл ажиллагаа эрхэлсээр байна. Гэвч 2013 оны эцсээс эхлэлтэй дээд боловсролын хөтөлбөрийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлтөнд хөтөч, жишиг болохоор ямар нэгэн эерэг зүйлийг тэдгээр нь бараг бүтээсэнгүй. Монголд үйл ажиллагаа эрхэлдэг гадаадын гэсэн тодотголтой, өндөр төлбөртэй ИДС, тэдгээрийн багшлах бүрэлдэхүүнээс дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн санд танигдаж бүртгэгдсэн ЗБ, УБ-ийн аливаа шинэ санаа, шинэ мэдлэг, нээлтийг сонсоогүй бөгөөд Google.com., Yghoo.com-ын хайлтаар энэ чиглэлийн нааштай үр дүн илэрдэггүй билээ. Мөн Монголд хөрөнгө оруулж урт болон богино хугацаагаар уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж ирсэн гадаадын компаниуд ч Монголын ИДС-ийн дэлхийн зэрэглэлийг ахиулах, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлд тулгарч байгаа бэрхшээлийг эрсдэлгүй даван туулах, дэлхийд жишиг болохуйц лекцийн багцыг бүтээх, үндэсний загвар сурах бичгүүдийг гаргахад үзүүлсэн мэдэгдэм туслалцаа дэмжлэг СТМҮС, санхүүгийн мэргэшсэн шинжилгээ, ЗБ, УБ, татварын бүртгэлийн сургалт, судалгааны чиглэлээр л гэхэд бараг ажиглагдсангүй. Санхүүгийн мэргэшсэн шинжээч бэлтгэнэ, аттестатчилалд хамруулж батламж олгоно ч гэх шиг элдэв нэр хаягтай гадаадын дамжаа, сургалтын зар сурталчилгаа нийгмийн сүлжээнд байршсан байх нь харагдах болсон тул түүний чанар, өгөөжийг ч сайжруулах л хэрэгтэй. Жил бүр “Эдийн засгийн форум” гэгчийг зохион байгуулдаг ч түүний хэлэлцэх асуудлын сонголт, гаргасан шийдвэрийн хэрэгжилт, биелэлт, тайлагнал нь үр нөлөө багатай болж өнгөрсөөр л...Мөн уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх, түүний эдийн засгийн өгөөжийг дээшлүүлэх, гэрээ хэлцэл байгуулах, эрх зүйн орчинг сайжруулах, хүндрэл бэрхшээлийг арилгах талаар ерөнхий байдлаар хэлэлцдэг ч мөн л үр дүн багатайхан шиг давтагдаж яригдсаар л байх юм. Энэ бүхний цаана түгээмэл нэг л хэмжүүр, үр ашгийн төвлөрсөн илэрхийлэл болох ашгийн тухай яриа гарч байдаг зүй тогтолтой. НББ-ийн харилцааг тодорхойлох, зохион байгуулах, тайлагнах хэмжүүр болсон төгрөгөөр ашгийг илэрхийлдэг. Бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд цуврал алхамаар гүйцэтгэгдэх ажил гүйлгээний тоон мэдээллийг тэмдэглэх, журналдах, ангилах, бүлэглэх, тайлагнах, дүгнэх, санхүүгийн мэдээллийг боловсруулахад хэрэглэдэг түгээмэл хэмжих нэгж бол мөнгө билээ. Иймд юуны урьд үндэсний НББ-ийн тогтолцоо, түүний бодлого, арга зүй, хүний нөөц, сургалт, судалгаанд  шинэчлэлт, өөрчлөлт, дэвшил хийх цаг нь ирсэн байж магадгүй. Удирдлагын макро болон микро шат, нийгэм-эдийн засгийн бүхий л хүрээнд мөнгөний орох ба гарах урсгалыг нэг бүрчлэн ил тод, бүрэн хянахын тулд НББ-ийн бүх бүрэлдэхүүн хэсгийг холбосон тайлагнал, хяналт шинжилгээний нэгдсэн сүлжээг байгуулж болох талтай. Аж ахуйн нэгжид ажил гүйлгээг анхан шатны баримтанд тусгах, журналдах, ерөнхий дэвтэрт бичилт хийх, ажлын хүснэгт болон санхүүгийн тайлан бэлтгэх, тохируулах бичилт, хаалтын бичилт хийх, хаалтын дараах шалгах баланс бэлтгэх, санхүүгийн мэдээллийг тайлбарлах зэрэг НББ-ийн нийт орчлын үе шатны мэдээллийн урсгал нь дээрх нэгдсэн сүлжээнд холбогдох микро түвшний анхдагч  хэсэг байж болох юм. Ирэх 2016 оны “Эдийн засгийн форум”, Mining 2016 мөрөөдөл, горьдлого, амлалт, үзүүлбэр, уриа лоозон багатайхан шиг, харин цөөн ч гэсэн бодит, үр өгөөжтэй ажлаар угтан золгох юмсан. Тухайлбал, уул уурхайн салбарт баримтлах СТМҮС болон зардлын бүртэлийн дэлхийд жишиг болохуйц шинэ, шилдэг сурах бичгийг бүтээчихсэн байвал зүгээрсэн. Мөн уул уурхайн олборлох, боловсруулах салбарын төрийн өмчийн ба төрийн өмчийн оролцоотой компанийн технологийн явцад мөрдөгдөх анхан шатны бүртгэлийн маягт, нөхөх зааврыг ч эрх бүхий санхүү, статистикийн байгууллагаас боловсруулж, батлан мөрдүүлэхэд болохгүй зүйлгүй гэж бодох юм. Энэ удаа Google web site-д tyondon.blogspot.com бүртгэлийн tyondon-researcher., tyondon_@yahoo.com цахим хаягаар 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байршуулсан “Tentative syllabus of cost accounting lectures” нийтлэлтэйгээ танилцуулж байна. ЗБ, шинжилгээний сэдэв тус бүрийн хувьд уламжлалт шууд тооцооны аргаас эрс ялгаатай, хоорондоо хамааралгүй 2-5 хувилбарт аргыг шинээр боловсруулан ИДС-ийн сургалтанд нэвтрүүлж, түүний бодит хэрэглээг сурах бичиг, блог нийтлэлийн хэлбэрээр гадаад, дотоодод баялаг тоон жишээгээр аргачлан тайлбарлаж, хэлэлцүүлж ирлээ. Тухайлбал, холимог зардлын ангилал, хэсэгчлэлд дээд ба доод цэгийн арга, графикийн арга, хамгийн бага квадратын аргыг хэрэглэж ирсэн уламжлалыг баяжуулан хөгжүүлж, бие даасан судлаач Бид нар хавтгайн аналитик геометрийн арга, дифференциал тоололын арга, системт тэгшитгэлийн арга, шугаман алгебрийн арга, үл мэдэгдэх хэмжигдэхүүнийг дэс дараалан зайлуулах аргыг шинээр боловсруулж сургалтын практикт нэвтрүүлснээс зарим нь дэлхийн “Тор” хэмээх алдартай их сургуулийн хэрэглээний математикийн сургалтанд бие даасан судлаач Бид нарын домайн хаягтайгаар хэрэглэгдсээр байна. tyondon.com., tyondon.mn болон Tunteg Yondon with web & images гэсэн хайлт хийж судлаач Бид нарын зарим нийтлэлтэй танилцаарай.


Monday, April 20, 2015

Санхүү, бүртгэлийн ажлын талаарх санал бодол, Нийтлэл ЗО, Opinion of financial & accounting operations, Post 30



Санхүү, бүртгэлийн ажлын талаарх санал бодол, Нийтлэл ЗО,
Opinion of financial & accounting operations, Post 30
Сүүлийн хэдэн жилд уул уурхайн баялагт түшиглэсэн экспортын баримжаатай нээлттэй эдийн засгийг хөгжүүлж гадаадын хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээ авч байна. Энэ ажлын явц, өрнөлт, хөгжил, дэвшил, эдийн засгийн бодит өгөөж нь санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)-ын нэвтрэлт, санхүүгийн мэргэшсэн шинжилгээ (СМШ)-ний прагматик хэрэглээ, татварын багц хууль (ТБХ)-ийн мөрдөлттэй зарим талаар холбоотой байж болох талаарх зарим саналаа бичив. 1. Санхүүгийн тайлан нь бизнесийн нэгжийн үйл ажиллагааны өнгөрсөн, одоо, ирээдүйг холбосон  мэдээллийн нэгдсэн сан, түүний даяарчлагдсан сүлжээг бүрдүүлэх, хүчин зүйлийн динамик шинжилгээ хийх, хөрөнгө оруулалтын олон сонголтот санал дэвшүүлж хэрэгжүүлэх үндэслэл болдог.  Эх орноо төлөөлж хөрөнгө оруулалтын төслийн багт орж ажиллагсад нь хүсэн хүлээж байгаа үр дүнд хүрэх алхам бүрийг илэрхийлсэн замын зураг бүхий удирдамжтай байж, учирч болзошгүй эрсдэл, хожмын үр дагвар, санамсаргүй хүчин зүйлийн нөлөөллийг урьдчилан тооцоолсон, энэ бүхэнд шаардагдахуйц онолын мэргэшсэн мэдлэг, практикийн чадвартайгаар өөрсдөө бэлтгэгдсэн байх ёстой гэж бодох юм. Төслийн багт сонгогдож ажиллах гишүүдийн уул уурхайн тодорхой салбарт ажиллаж хуримтлуулсан туршлага, салбарын үйлдвэрлэл, техник-технологи, эдийн засаг, санхүү, төлөвлөлт, банк, татвар, нягтлан бодох бүртгэл, СМШ, хэрэглээний математикийн болон статистик судалгааны орчин цагийн мэдлэг, чадвар, мөн санал бодлоо цэгцтэй, шинжлэх ухаанчаар амаар ба бичгээр чөлөөтэй илэрхийлэх, найруулан бичих урлагыг эзэмшсэн түвшинг харгалзан үзэх нь Тэд нарын гадаадад сургууль төгссөн диплом, эрдмийн зэрэг, мэргэшсэн сургалтын цол, батламж, комьпютерийн хэрэглээний мэдлэгээс ч илүү чухал байж болзошгүй юм. Монголын талаас төслийн багт оролцдог зарим нэг ажилтан нь уул уурхайн салбарт туулж өнгөрүүлсэн ажлын туршлага, онолын тусгайлж бэлтгэгдсэн мэдлэг, санаа бодлоо бичвэрээр болон тоон судалгааны олон хувилбарт, өвөрмөгц аргаар илэрхийлэх арга ухааныхаа хувьд гадаадын талын төлөөлөлийнхөнд гологддог, харилцан ашигтай санал бодлоо олон сонголттойгоор дэвшүүлэх, түүнийг итгэл үнэмшилтэйгээр батлан нотлох, хамгаалах арга барилаар дутмаг байдаг бололтой. Иймээс Тэд нар гадаадын талаас санал, төсөл эхэлж боловсрогдохыг хүлээзнэх, хайрцаглаж, боосон санал, шахалт, шаардлагын хүрээнд нь зөвхөн үг үсэг, найруулга, тооцооллын засвар хийх техник ажлын дайварын хүрээнд ажиллахад хүрдэг тал байдаг юм уу? даа гэж бодогддог. 2. Аж ахуйн нэгж (ААН)-үүд санхүүгийн тайлангаа татварын зорилгоор бэлтгэхийг илүү чухалд үздэг нь ТБХ-ийн тогтолцоо, түүний шинэчлэл, өөрчлөлтийн агуулга, нийгэм-эдийн засгийн харилцаанд үзүүлэх эрх зүйн хөшүүргийн үйлчлэл нь Монголын туулж ирсэн түүхэн хөгжлийн зүй тогтлыг илүүтэй илэрхийлдэг, хүлээх үүрэг, хариуцлагыг нэлээд тодорхой тусгадаг, орчуулгын бус ойлгомжтой хэллэг, найруулгатай, сургалт, сурталчилгаа нь нэлээд тогтворжсоны дээр Монгол орны нийгэм-эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хүн амын амжиргааны түвшин, орлогыг тэгш хуваарилах нийгмийн баримжааг харгалзан үзсэн байдгаараа гадаад орчноос үүдэлтэй, албадлагын шинжтэй СТОУС-тай зэрэгцүүлэхэд хэрэгжих, нутагших боломжоороо давуу гэлцдэг. СТОУС-г Монголын НББ, санхүүгийн тайлагналд нэвтрүүлэх мэдээлэл, техник хэрэгсэл, хүний нөөцийн суурь хөрсийг хэр зэрэг бүрдүүлж өгсөн, цаашид түүнийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх асуудлынх нь эрэмбэ, дэс дараалал, гүйцэтгэх алхамууд ямар түвшинд байгаа, хүрэхээр онилсон зорилго, нэвтрэлтийн явцынх нь үе шат, үр дүнг ямар шалгуур, үзүүлэлтээр хэрхэн дүгнэх вэ? гэдэг нь нягтлан бодогч нарт анхнаасаа ойлгомжтой, ил тод байвал зүгээр байхсан гэж бодох юм. СТОУС-г Монголд хэрэгжүүлэхэд баримтлах графикчилсан төлөвлөгөө, үндэсний үзэл баримтлал, түүнийг нэвтрүүлэхэд эдийн засгийн голлох салбар бүрийн үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн баримтлах аргачилсэн заавар, журам гэх мэтийн эрх зүйн баримт бичгийг СТОУС-ыг хэрэгжүүлэх төслийг нэвтрүүлэгчийн хувьд Сангийн яамнаас эрхлэж яаравчлан гаргаад өгчихвөл зүгээр юм. Энэ бүхэн нь ААН-ийн удирдлага, санхүү, бүртгэлийн ажилтны зүгээс НББ-ийн бодлогын баримт бичгээ СТОУС болон ТБХ-д нийцүүлэн боловсруулж, улмаар батлан мөрдөхөд нь удирдлагын хөтөч болох талтай байх болно. Интернетийн сүлжээ, нээлттэй эдийн засаг, чөлөөт сэтгэлгээний өнөөгийн цаг үед бизнесийн харилцааны гүүр, шийдвэр гаргах судалгааны бааз нь үнэн зөв, ил тодорхой, цэгцтэй, шинэчилсэн агуулгыг тээгч санхүүгийн тайлан, НББ, статистикийн мэдээ гарцаагүй мөнөөс мөн билээ. Ажиглаж, дундажлаж, түүвэрлэж, магадлан илэрхийлж, нэгтгэн дүгнэж, задлан шинжилж, ойролцоолон тооцоолж, бүртгэж, журналдаж, дэвтэрлэж, тайлагнаж, хэлэлцэж, мэтгэлцэж, шүүн тунгааж чадаагүй олон үйл явц, үзэгдэл, ажил гүйлгээ хожим нь санамсаргүй хүчин зүйлийн үйлчлэл, эрсдэл, хэлбэлзэл, хазайлт, сарнилт, алдагдал, торгууль, алданги, гарз, үл үзэгдэх хийсвэр төсөөлөл мэтээр анхаарлын гадна үлдэж хоцордог. Тухайлбал, гадаад үрээр Монголд үр тариа ургуулахад эхний ээлжинд цаг уур, хур тундас, хөрсний үржил шимийг харгалзан үзэж, хөрсний хагалгаа, сийрүүлэлт, цэвэрлэгээ, үр суулгалт, нэмэлт бордоо, усалгаа гэсэн ар араасаа дагасан нөр их хөрөнгө, хөдөлмөр, технологийн арчилгаа зарцуулсны эцэст л 1 га-гаас дундажаар 13-16 центнер улаан буудай хураан авдаг гэдэг биздээ? 1 га-гаас хурааж авах ургацыг нэмэгдүүлэхэд сөргөөр нөлөөлсөн хүчин зүйлс нь эрсдлийг илэрхийлнэ. СТОУС-ыг Монголд нэвтрүүлэх гэсэн хэрэгцээ, шахалт нь үр тариа ургуулж, хураах авахтай зүйрлэж энэхүү эш татсан жишээтэй зарим талаараа төсөөтэй байж мэдэх нэлээд шаргуу хөдөлмөр, арга зүйн удирдлага, бодит дэмжлэгийг уг төслийг хэрэгжүүлэх эрх авсан субъектээс шаардах нь дамжиггүй. 3. Компанийн тухай хуулийн дагуу хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй хувьцаат компаниуд СТОУСД-д нийцүүлэн хагас, бүтэн жилийн санхүүгийн тайлангаа хөндлөнгийн шинжээчээр баталгаажуулах, хувьцаа эзэмшигч, харилцагчдад зориулж хэвлэн нийтлүүлэх үүргээ тэр бүр хэрэгжүүлэхгүй байгаа бололтой. Их, дээд сургууль (ИДС)-ийн бакалавр, магистрийн сургалт, мэргэшсэн гэсэн тодотголтой төрөл бүрийн сургалтаар санхүүгийн тайлангийн шинжилгээ, эконометрикс, статистик, математик загварчлалын чиглэлээр мэрэгжлийн болоод мэргэшүүлэх хичээл судлуулдаг боловч төгсөгч, шинжээч, мэргэшсэн нягтлан бодогч нар өөрсдийнхөө ажилладаг ААН-ийн улирал, жилийн санхүүгийн тайланд мэргэшсэн шинжилгээ хийхгүй байгаа нь ажиглагддаг. Худалдан авалтын аргаар бизнесийн нэгдлийг бүртгэх, хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгож өөрчлөн байгуулах, биет бус хөрөнгийн гол хэлбэр болсон хаяасыг тооцоолж бүртгэх, ААН-ийн санхүүгийн хүндрэл, дампуурлын болзошгүй байдлыг урьдчилан таамаглах, өөрийн капиталын зах зээлийн үнэлгээ хийх зэрэг судалгаа, сургалт, бизнес, танин мэдэхүйн өргөн орон зайд хөрөнгийн үнэлгээний доривитой ахиц дэвшил, шинэчлэлт үгүйлэгдэж байна. Компанийн санхүүгийн тайлангийн шинжилгээний талаар хааяа нэг өнгөцхөн яригдаж байдаг хэдий ч бизнесийн нэгдэл, түүний охин компаниуд, үндэстэн дамнасан корпорацийн сегментүүдийн санхүүгийн шинжилгээ, мөнгөн гүйлгээний дотоод урсгалд тавих санхүүгийн хяналт орхигдсон бололтой.  Төрөл бүрийн төслийн явц, үр дүнг тайлагнах, судалгааны үндэслэлийг баталгаажуулахад гол төлөв анкетийн санал асуулга явуулсан, санамсаргүй түүврийн аргыг хэрэглэсэн гэсэн тайлбар хийх болсон нь зарим талаар эцсийн дүгнэлтийг захиалагчийн сонирхолд нийцүүлэн засамжилж өөрчлөх, учирч болзошгүй хожмын хариуцлагын эрсдэл, санамсаргүй хүчин зүйлийн нөлөөллийг судалгааны мэдээллийн баазын хомсдолтой тал, судалгааны аргын сонголт, шалгуур хүснэгтийн үзүүлэлтүүдийн итгэх магадлалын түвшин, компьютерийн хэрэглээний программын хэсэгчилсэн алдаанд хамаатуулаад бултах сөрөг нөлөөлөлтэй билээ. НББ-ийн мэдээллийг боловсруулж, санхүүгийн тайлан бэлтгэхэд өндөр үнэтэй, шүүн тунгаах агууламж муутай компьютерийн  программууд боловсруулж хэрэглэсээр ирсэн хэдий ч тэдгээр нь санхүүгийн тайлангийн цогц шинжилгээ хийх, НББ-ийн математик загварчлал бүтээх, зардлын бүртгэл, удирдлагын бүртгэлийн шинжлэх ухааны үндэслэлийг хөгжүүлэх, санхүүгийн инженерчлэлийн шинэ санаа, шинэ мэдлэгийг түгээх, хуваалцах, нэвтрүүлэх, экспортлох түүчээ болж чадахгүй байна. СТОУС-ын орчуулга, түүний хэрэглээний тайлбар, гарын авлагыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ)-ын тухай хуулийн мөрдөлт, практиктай оновчтой холбоогүй, нэгдмэл, харилцан шүтэлцсэн байдлыг нь хангаагүй, зохиомлоор тусгаарлаж бие даалгасан, гаднаас нөлөөлсөн, албадлагын шинжтэй байлгадаг гэдэг яриа гардаг. Татварын бүртгэлийн сурах бичгүүд ч СТОУС-тай уялдаж холбогдоогүй, явцуу өрөөсгөл агуулгатай байдаг бололтой. НББ, тайлан, татварын эрх зүйн орчин нь тогтвортой, ойлголцлын элдэв зөрүүд хүргэдэггүй, хэрэгжүүлэхэд хялбар, сонгуулийн 4 жилийн мөчлөг дагаж туйлширч өөрчлөгддөггүй байх нь гадаадын хөрөнгө оруулагчдын урт хугацаатай, алсын хараатай үндэстэн дамнасан үйл ажиллагааных нь төлөвлөлт, санхүүжилт, зохицуулалтанд эерэгээр нөлөөлдгийг бодолцвол зүгээр юм. Монголын татварын эрх зүйн мэдлэг дутмагаас шалтгаалж гадаадын хөрөнгө оруулагчид нь татвар ногдуулах орлогыг болгоомжгүйгээр дутуу илэрхийлэх, хуримтлагдсан ашигт нэмэгдэх цэвэр ашгаас санхүүжигдвэл зохих хувийн хэрэглээний зардлыг үйл ажиллагааны зардалд шингээх, ажлын хүснэгтийн тохируулах бичилтийг дутуу гүйцэтгэх дутагдал гаргадаг тал байдаг бололтой. Ерөнхийдөө татвар ногдуулах орлогыг ААНОАТ-ын хуулийн дагуу тодорхойлдог бол татварын өмнөх санхүүгийн тайлангийн орлогыг СТОУС-д нийцүүлэн илэрхийлдгээс улбаатайгаар түр зөрүү болон байнгын зөрүү гардагтай дээрх нь холбоотой хэмээн тайлбарлаж, түүнийг анхаарлын гадуур орхиж болохгүй юм. Иймд санхүүгийн бүртгэл, түүний тайлагналд зайлшгүй тулгардаг хойшлуулсан татварын хөрөнгө ба хойшлуулсан татварын өглөгийн тооцоолол, түүний журналын бичилт зэрэг харилцан шүтэлцээтэй нэлээд асуудлыг багтааж тусгасан санхүүгийн үндэсний бүртгэлийн чамбай сурах бичгийг яаралтай бүтээж нийтийн хүртээл болгомоор л байна. 4. Монголд мэргэшсэн нягтлан бодогч, үнэлгээчин, санхүүгийн шинжээч, аудиторын болон татварын мэргэшсэн зөвлөхийн эрх, цол, тэмдэг олгодог, өндөр төлбөр хурааж авдаг олон институт, хүрээлэн, академи ажилладаг, төсөл хэрэгжүүлдэг гэх боловч тэдгээрээс үйл ажиллагааныхаа чиглэл, хүрээнд бүтээсэн үндэсний агуулгатай, олон улсын стандартын мэргэшүүлэх шаардлагад нийцэхүйц НББ, санхүүгийн тайлагнал, аудит, үнэлгээ, татвар, комьпютерийн программчилалын Монгол улсын стандарт харагдахгүй л юм. Жил бүрийн улсын төсөв, нэгдсэн төсөв, орон нутаг, нийслэлийн төсөв хэлэлцэж батлах цаг үетэй давхацуулж төлбөрийн чадваргүй, санхүүгийн тогтвортой байдал султай бөгөөд дампуурах магадлалтай төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой ААН, албан байгууллагыг хувьчлах жагсаалтыг холбогдох дээд шатанд авч хэлэлцдэг уламжлал тогтжээ. Эдгээр ААН, албан байгууллагын эдийн засаг, санхүү, бүртгэлийн зохион байгуулалт, менежмент, маркетингийн үйл ажиллагааг гардан эрхлэгчийн нэлээд нь дээрх мэргэшсэн цол, тэмдэгтэн байдаг бололтой. Төрийн өмчийн томоохон компанийн ерөнхий нягтлан бодогч, ерөнхий менежерийн албан сэнтийд морилохын тулд Удирдлагын хөгжлийн академи төгсөх, Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчийн цол, тэмдэг авсан байх ёстой гэлцдэг. Мэргэшсэн ажилтан, зөвлөхүүдийн мэргэшүүлэх сургалтын нэр хүнд, өгөөж нь Тэд нараас эрхэлсэн ажлынхаа агуулга, чанарт гаргаж байгаа шинэчлэл, хөгжил, дэвшил, бүтээж хэрэгжүүлсэн шинэ санаа, шинэ мэдлэгээр хэмжигдэж, шалгагдаж байх нь шударга гэж төсөөлдөг билээ. Мөн мэргэшсэн гэх бизнесийн байгууллагуудын багшлах бүрэлдэхүүний мэдлэг, чадварын түвшин сулавтар, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийн агуулга нь орчуулгын өнгө аястай бөгөөд мэргэшүүлэх гэсэн хаягандаа төдийлөн тохирч давхцаагүй, суралцагчдыг шинэ мэдлэг, шинэ санаа дэвшүүлж бодитойгоор хэрэгжүүлэх, давтагдашгүй өвөрмөгц нээлт бүтээх бэлтгэлд суралцуулж өгдөггүй, харин ч элсэгч, төгсөгчийн тоог нэмэгдүүлэх, сургалтын ахиу төлбөр цуглуулахад голлон анхаарч байна уу? гэхээр ажиглагддаг билээ. 5. 1959 онд анх Америкийн НББ-ийн зарчмын хорооноос эхлэлийг нь тавин хөгжүүлж, өөрчилж, шинэчилж ирсэн СТОУС-ыг Монголд нэвтрүүлэх гэж оролдсоноор урьдчилан таамаглаагүй зарим нэг асуудал, бэрхшээлтэй тулгарч, будилж байгаа бололтой. Сангийн яамны НББ-ийн бодлогын газрын үйл ажиллагааны чиглэл, хүрээ нь санхүү, тайлан, татвар, үнэлгээ, аудит, шинжилгээний мэдээллийг гаргагч, хэрэглэгчдийг арга зүйн удирдлагын заавар, журам, удирдамжаар хангах, сургалт, судалгаа явуулах, дэлхийн жишигт хүрсэн мэргэшсэн боловсрол олгоход чиглэсэн бүртгэл, тайлангийн үндэсний стандартыг бий болгох, энэ талаарх шинэ мэдлэг, шинэ санаа, нээлт бүтээх, түгээх, хуваалцах, хэрэгжүүлэх, экспортлох үүрэгтэй болов уу? хэмээн төсөөлж хүлээсээр сүүлийн 10 гаруй жилийг үдэвээ. Монголын санхүүгийн бүртгэлийн үндэсний стандарт (МСБҮС)-ыг гарч ирэхийг хүсэн хүлээж байгаа олон мянган хэрэглэгчдийн дотор уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулагч болох Оюу толгой, Таван толгой, Саус Гоби Сэндс багтаж л байгаа биз. Тэдэнд ус, агаар шиг хэрэгцээтэй байгаа бүртгэл, тайлан, татварын тогтолцоо, зардлын тооцоолол, орлого, ашгийн хуваарилалтын хөтөч, ширээний ном нь болох ёстой МСБҮС–ыг хурдхан шиг гаргаад өгөх хэрэгтэй л байх даа. Тэднийг татварын ногдуулалт, бүртгэл, тайлагнал, төлөлтийн болзошгүй эрсдлээс урьдчилан хамгаалах, эрх зүйн таатай орчинд хүлээн авах, энэ чиглэлийн бодит туслалцаа, зөвлөлгөө үзүүлэх нь татварын давхар хяналтаар хожим нь илэрдэг зөрчил, маргаан, үл ойлголцлоос хамгаалж чадна. Ингэснээрээ сүүлийн үед мэдээлэх болсон татварын ногдуулалт, төлөлт, бүртгэл, тайлагналын талаарх маргаан, мэтгэлцээнд харилцан ойлголцлыг хангах, улмаар тэдгээрт цэг тавих, тогтвортой, ил тод, ойлгомжтой бөгөөд  дэлхийн санхүү, бүртгэл, тайлан, татварын зүй тогтолт өөрчлөлт, хөгжил, дэвшилд баримжаалсан эрх зүйн орчныг гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, мэдээллийн өгөгдлийн санг бүтээгч болон хэрэглэгчдэд зориулан бүрдүүлэх боломжтой байх. МСБҮС–ыг боловсруулж бүтээх ажлын хэсэгт үүрэг, даалгавар өгч, бусдын хийснийг дамжуулан мэдээлдэг албан тушаалтныг аль болохоор хязгаартай оролцуулж, уул уурхайн олборлох, боловсруулах салбар, геологи, эрэл хайгуул, хөнгөн, хүнс, газар тариалан, барилга угсралт, барилгын материал зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний олон тэргүүлэх салбар, хүрээг хамруулсан ажлын төрөлжсөн, шинэчлэн бүтээгч хэсэгтэйгээр ажиллуулаад үзэхэд зүгээр байж мэднэ. МСБҮС–ыг татварын багц хууль, татварын бүртгэл, тайлагнал болон зардлын бүртгэл, удирдлагын бүртгэл, санхүүгийн мэргэшсэн шинжилгээ, аудит, хөрөнгийн үнэлгээ, НББ-ийн хэрэглээний программтай ухаалгаар холбож уялдуулах хэрэгцээ ч гарах л байх. Зоосны нэг талыг МСБҮС хэмээн хийсвэрээр төсөөлвөл нөгөө тал нь МСБҮС-аас бусад бүртгэл, тайлан, татварын нэгдмэл тогтолцоотой холбоотой үлдэх бүрэлдэхүүн хэсгүүд байх болно. Бүхэл бүтэн нэгдмэл тогтолцоог биежүүлэн бүтээгч дэд хэсгүүдээс зарим нэгийг нь орхигдуулваас эрсдэл, алдаа, хэлбэлзэл, болзошгүй өөрчлөлтийн хувийн жинг өсгөдөг, санамсаргүй хүчин зүйлсийн үйлчлэлийн хүч, орон зайг нэмэгдүүлдэг сөрөг нөлөөтэй. Эрсдлийн хувийн жинг бууруулах, судалгаа, шинжилгээ, боловсруулалтын хэт ачааллыг зөв хуваарилан байршуулах, цаг хожиж ургашлах зорилгоор төрийн байгууллагууд зарим нэг үүргээ оюуны бүтээлээрээ дэлхийд танигдаж, шинжлэх ухааны мэдээллийн санд нь бүртгэгдэж чадсан төрийн бус байгууллага, бие даасан судлаач нарт шилжүүлэх, хамтран ажиллах боломж мөн л нээлттэй байгаа билээ. Даяарчлагдаж, нэгдэн нийлж, төрөлжсөөр байгаа дэлхий дахины санхүү, бүртгэл, татварын тогтолцооны хөгжил, өөрчлөлт, шинэчлэлтээс Монголынх нь тодорхойгүй, ойлгомжгүй битүүлэг, нэг л хүрсэн байрнаасаа ургашалдаггүй зогсонги, шинэ санаа, шинэ мэдлэгийг мэдэрдэггүй, дэмждэггүйгээрээ ялгагддаг бололтой. Мөн энэхүү тааламжгүй нөхцөл байдал нь гадаадын хөрөнгө оруулагчлын хувьд үйл явцын өрнөлтийг чимээгүйхэн ажиглах, татварын давхар хяналтын хожмын шалгалтаас учирч болзошгүй эрсдлээс болгоомжлох, өдөр тутмын үйл ажиллагаандаа зайлшгүй шаардлагатай заавар, журам, удирдамжаар хангаж өгөхийг хүлээзнэх, зарим нэг нь зай барьж оруулсан капиталаа ч эргүүлэн татахад хүрдэг бололтой. Бие даасан судлаач Бид нарын НББ-ийн математик загварчлал, санхүүгийн мэргэшсэн шинжилгээ, зардлын бүртгэл, удирдлагын бүртгэлийн талаар бүтээж, интернетэд байршуулж ирсэн 200 гаруй шинэ санаа, шинэ мэдлэгтэй танилцахыг хүсвэл Tunteg Yondon with Web & Images болон tyondon.blogspot.com., tyondon.blogmn.net., Tunteg Yondon-Google plus., Tunteg Yondon on Twitter зэрэг хаягаар хайлт хийж танилцаарай.