Saturday, November 7, 2015

Боловсролын чиг хандлага, Trends in education



Боловсролын чиг хандлага
Боловсролын шинэчлэлийн талаар хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээ нэг л эргэлзээтэй, замын тодорхой зураггүй, орчуулан хуулбарласан хэлбэр, агуулгатай нь ажиглагдах юм. Хуулж дууриасан бүхэн Монгол орны боловсролын хөгжлийн хөрсөнд ургаж нахиалах уу? Монголын уламжлал зан заншил, өвөрмөгц нөхцөл байдалд тохирох уу ? гэдгийн урьдчилан бодож байвал зүгээрсэн. Дэлхийн шилдэг их сургууль, судалгааны төвөөс суралцах зүйл байлгүй л яахав. Үнэгүй зүйл байдаггүй тул энэ бүхэнд Монголын татвар төлөгчдийн мөнгөний гадгашлах урсгал нэмэгдсээр байна. Гадаадын боловсролын байгууллагуудын мэдлэгийн эх сурвалжид эшлэл, тандалт ахиу хийхийн хэрээр Монголын боловсролын гадаад үнэлэмж, зэрэглэл буурч байгааг ч бодолцмоор юм. Боловсролын менежментэд гол төлөв бусдыг аялдан дагалдах, орчуулан хуулбарлах гарцыг эрхэмлэхгүйгээр шинэ мэдлэг, шинэ санааг Монголдоо бүтээж гадгаш түгээх, хуваалцах, экспортлох боломжийг олж хардаг болчихвол зүгээрсэн. Монгол хүний, Монголын төрийн бус зарим байгууллагын бие дааж нэгэнт бүтээчихсэн, хийж чадаж байгаа хялбархан зүйлийг гадаадын төсөл, төлөвлөгөө, семинар, туршлага хэмээн өргөмжилж төсвөөс санхүүжүүлмээргүй л байх юм. Дэлхийн шилдэг 100 их сургуулийн лекц, Khan academy-ийн таблетэд суурилсан хичээлүүдийг төлбөртэйгөөр орчуулан суралцагчдийн хүртээл болгож байгаа гэсэн мэдээлэл дайралддаг нь сайн хэрэг. Гэхдээ Монголчууд эдгээр байгууллагын тарааж, хуваалцаж байгаагаас илүү хямд, сонирхогчдын зорилтот бүлэгт илүүтэй онож хандсан, нээлтэй, үнэ төлбөргүй блог лекц, сургалтын материал нэлээд олныг бүтээчихснийг дэмждэггүй, ойлгодоггүй байдал боловсрол, шинжлэх ухааны салбарт байсаар л байх юм. Мөн сүүлийн үед “Та өөрөө манлайлагч”, “Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал” гэх шиг хэрэгжилтийнх нь явц үр дүнг хэмжих, хяналт тавих, дүгнэх, биелэлтийн шалгуурыг нь тогтооход бэрхшээлтэй төслийн сураг чимээ сонсогдох болжээ.

No comments:

Post a Comment