Friday, October 9, 2015

Дээд боловсролын шинэчлэлийн явцын талаарх эрэгцүүлэл, Нийтлэл 38, Thinking about progress in higher education innovation, Post 38



World's great & genius discoveries in math econ,fin,tax,stats & accounting etc зурган илэрцүүдДээд боловсролын шинэчлэлийн явцын талаарх эрэгцүүлэл, Нийтлэл 38, Thinking about progress in higher education innovation, Post 38
Бусдын араас дагаж дууриах, гадаадаас хуулбарлах замаар дээд боловсролын чанарын хоцрогдлын зөрүүгээ багасгах гэж мөрөөдсөөр байгаа нь Монголоос илүү потенциалыг урьд хуримтлуулсан дэлхийн шилдэг их сургуулиудын түвшинд дөхөж ойртоход улам л бэрхшээлтэй болгож байгаа бололтой. Иймд дээд боловсролын шинэчлэлд урьд нь хэн ч төсөөлөөгүй, ер бусын, гайхалтай содон, үр ашигтай шинэ санаа, шинэ сэдэл, нээлтийг олон хувилбартайгаар Монголын их, дээд сургууль (ИДС) өөрсдөө бие даан бүтээж, хэрэгжүүлж, материалагжсан үр дүнг нь дэлхийн жишиг их сургуулиудад сүлжээгээр, нээлттэй түгээж хүргэх, экспортлох замаар даяаршлагдсан үйл ажиллагаатай их сургуулийн хэлбэрт дэвшин шилжих боломжтой юм шиг санагддаг. 1. Гаднаас шилдэг гэж хуулбарласан, бэлэнчилсэн бүхэн Монголын өвөрмөгц нөхцөлд нутагшихгүй, дасан зохицохгүй, үр өгөөжөө харуулахгүй байж болзошгүй нь ажиглагдсаар...Саяхан The Times Higher Education-ээс дэлхийн даяаршлагдсан, шилдэг 800 их сургуулийн 2015-2016 оны зэрэглэлийг нийтэлжээ. Калифорины технологийн дээд сургууль энэ жагсаалтыг 5 жил дараалан тэргүүлж байна. Хойт хөршийн Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль 161-т, Азиас Сингапурын үндэсний их сургууль 26, Бээжингийн их сургууль 42, Токиогийн их сургууль 43-т тус тус жагссан бол Монголоос уг жагсаалтанд багтсан их сургууль гарсангүй. Энэ хичээлийн жилийн эхэнд төрийн өмчийн их сургуулийн зарим удирдлага хариуцсан сургуулиа Ази, Номхон далайн бүс нутгийн шилдэг 100 сургуульд багтаачихна гэж мэдэгдэл хийж, сурвалжлага өгч, амлаж, мөрөөдөж байсан нь хэзээ биелэлээ олох юм бол? Монгол зохиогчийн нэрээр овоглосон дээд боловсролын шинэчлэл, өөрчлөлттэй холбоотой ямар нэгэн шинэ санаа, шинэ мэдлэг, нээлтийг нийгмийн сүлжээнээс одоогоор олж харсангүй. Тэрчлэн 2013 оны төгсгөлөөс UNESCO-ийн зөвлөмжөөр эхлүүсэн гэх хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд төслийн багийнхан, (ИДС)-ийн хөтөлбөрийн хороодын дэмжиж мөрдүүлсэн гэх олон улсын жишигт нийцэх шилдэг лекц, багшийн блог нийтлэл, хичээлийн төрөл бүрээр бүтээсэн үндсэн сурах бичиг, шинэ мэдлэг, шинэ санааг Google.com сүлжээнээс хайгаад аль нэгэн гадаад хэл болон монгол хэл дээрх ямар нэг үр дүнг олсонгүй. Бакалаврын зэргийн боловсрол эзэмшихэд суралцагчид гол төлөв 120-130 кредит цаг биелүүлэх шаардлагатай байдаг бөгөөд Тэд нар суурь (байгалийн болон тодорхой) шинжлэх ухааны хичээлийг сонгохоос бэрхшээж аль болохоор ахиу кредит цагтай, хялбар хичээл сонгохыг чухалчлах болсон нь заавал судалвал зохих мэргэжлийн болоод мэргэшүүлэх хичээлийг орхигдуулахад хүргэж болзошгүй болжээ. Ажиглалтаас тоймлоход сүүлийн 15-20 жилд эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл (НББ)-ийн чиглэлийн сургалттай зарим ИДС-ийн эхний дамжааны 1 л ангиар жишээ авч үзэхэд 25-30 суралцагчдын 80-90 орчим % нь эмэгтэйчүүд харагддаг болсон нь цаашид хүйсийн тэнцвэртэй байдалд ч анхаарлаа хандуулах шаардлагатай болсныг илэрхийлдэг. Мөн ИДС-ийн төгсөгчдийн олонх нь нэлээд үнэтэй ухаалаг гар утсаар гангардаг хэдий ч 1 ширхэг ч мэргэжлийн үндсэн сурах бичиг, ном худалдан авахгүйгээр сургуулийнхаа 4 жилийг ардаа орхих нь нийтлэг болжээ. Ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн суралцагчдын ухаалаг гар утасны зохистой түвшнээс гажсан хэрэглээ, энэ талаар өөрийгөө хянах чадвараа алдаж эхэлсэн байдал нь улмаар цахим тодотголтой институт, сургалт, ном, номын сан, ухаалаг самбар гэгчээр дамжин ИДС-ийн тэнхмийн сургалтын орчинд ч уламжлан давтагдах төлөвтэй. Латин үсэг ашиглаж Facebook, Twitter-ээр жиргэдэг, сэтгэгдэл бичдэг, зурвас илгээдэг болсон нь криллээр лекцийн тэмдэглэл, зохион бичлэг, эссэ, намтраа алдаа багатай, ойлгомжтой илэрхийлэхэд нь сөргөөр нөлөөлдөг ажээ. Зарим нэг нь арифметикийн маш хялбархан үйлдлийг зөвхөн тооны машинаар л гүйцэтгэхийг чухалчилах юм. Энэ бүхэн нь өнөөгийн хэрэгжүүлж байгаа бага, дунд боловсролын шинэчлэлийн хөтөлбөрүүдийн явц, завсрын үр дүнгийн илэрхийлэл бололтой. ИДС-ийн олонх сурах бичгийг орос, англи хэл дээрх ном, гарын авлага, лекц, семинарын тэмдэглэл, интернетийн мэдээллээс шууд орчуулан хуулбарлаад зохиогчоор нь багш нар өөрийнхөө нэрийг бичиж хэвлүүлээд энэ номын агуулгаар л шалгалт, шүүлэг, бие даалтыг тооцож авна шүү гэдэг хөтөлбөрийн шинэчлэлийн өнөөгийн агуулгатай дээрх байдал нь холбоотой байж магадгүй юм. 2. Төрийн өмчийн ЕБС-д сонгон суралцах анги, бүлэг хичээллүүлдэг TIMCC (Trends in International Mathematics & Science Study-Математик, шинжлэх ухааны олон улсын чиг хандлага)-д илүү нийцсэн, алсын хараатай чиг баримжааг нэлээд хэдэн 10 жилийн тэртээгээс хэрэгжүүлж ирснийг хүүхэд бүрийг хөгжүүлэх лозун, уриагаар халсан бололтой. Иймээс сүүлийн 2-3 жилд хувийн өмчийн ЕБС төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо болон математик, байгалийн шинжлэх ухааны хичээлээрх төрөл бүрийн олимпиадын амжилт нь төрийн өмчийн сургуулийн суралцагчдынхаас нэлээд дээгүүр гарах болсон мэдээтэй байна. ЕБС төгсөгчдийн математикийн ерөнхий мэдлэг тун тааруу болоод байгаа нь ИДС-ийн эхний 1-2 дамжааны суралцагчдад сонгосон мэргэжлийнх нь дагуу суурь хичээлийг эзэмшүүлэх явцад нэлээд хүндрэл дагуулах болжээ. Гол төлөв телевиз, нийгмийн сүлжээгээр академик сургалтаас татгалзлаа гэсэн мэдэгдлийг эрдэмтэн, багш сурган хүмүүжүүлэгчид удаа дараа хийж байгаа нь боловсролыг хэтэрхий туйлшруулах, дээд удирдлагад таалагдах, шинжлэх ухааны мэдлэгийг хялбарчлан хэлбэрдэхэд хөтөлж байгаадаа анхаарууштай гэж бодох юм. Шинжлэх ухааны мэдлэгийг судалж, эзэмшихэд танин мэдэхүйн уламжлалт ба зэрэгцээ холбоог хангах шаардлага ч тавигддаг.
Page2.
ИДС-ийн бакалавр, магистрийн сургалтын лекц, семинарын хичээлд өөр өөр мэргэжлийн сонголттой, ялгаатай дамжааны суралцагчид зэрэгцэн оролцох болсон нь хичээл хоорондын уялдаа холбоо, интеграцийг алдагдуулж, зарим тохиолдолд сонгосон хичээлийг хийдэгдэлд хүргэж улмаар тогтолцооны доголдлоос үүдэлтэйгээр суралцагчид анги ухарах, дараагийн жилд давтан төлбөр төлж суралцахад хүргэх нь ажиглагдах болжээ. 3. Дээд боловсролын чанарын бодит түвшний жил бүрийн мэдрэгдэм ахиц дэвшил, сургалтын орчны шинэчлэл, нийгмийн сүлжээнд байршуулсан тухайн хичээлийг заах багшийн нээлттэй төлбөргүй лекцүүдийг суралцагчид итгэл үнэмшил, оюунлаг мэдрэмжээрээ жинлүүрийн 2 тавагны аль нэгэн талд тавин жинлэж түүнийгээ сургалтын жил тутмын өсөн нэмэгдсэн төлбөртэй харьцуулж жишдэг бололтой. Энэ бол ИДС-ийн удирдлагын багийн ур чадвар, эрдэмтэн багш нарынхаа мэдлэг, сургалтын арга барил, технологийн шинэчлэл, өөрчлөлтөнд суралцагчдын зүгээс сургалтын төлбөрөөр дамжуулан өгч байгаа хяналт, шалгалт, үнэлгээний илрэл гэж үзэж болох талтай. Үүнтэй холбоотойгоор “Энд цорын ганц эзэн байна. Тэр нь үйлчлүүлэгч. Харин тэрээр өөрийнхөө мөнгийг өөр хаа нэгтээ хялбарханаар зарцуулж компанийн ерөнхийлөгчөөс авахуулаад хэнийг ч болов ажлаас нь унагаж чадна” гэдэг барууны мэргэн үг хааяа санаанд бууж байдаг билээ. 4. Шинэчлэл, өөрчлөлтийг хуучирсан сэтгэлгээ, үеэ өнгөрөөсөн, хуулбарласан арга барилаар хэрэгжүүлэхээр зүтгүүлдэг, дутагдлыг өөрөөсөө бус бусдаас, гадаад орчноос эрэлхийлдгээс л улбаалж хамтрагч, түншлэгч талуудын хооронд ямар нэгэн санал зөрөлдөөн гардаг нь их төлөв ажиглагддаг. ИДС-ийн хөтөлбөрийн шинэчлэлийн өмнөх жилүүдийн болон ерөнхий боловсролын 12 жилийн сургалтын тогтолцоонд бүрэн шилжсэний урьдах жилүүдэд эдийн засаг, санхүү, НББ, татвар, статистик, менежмент, маркетинг, хүний нөөцийн чиглэлээр сургалт явуулдаг ИДС, мэргэшсэн сургалт эрхэлдэг институт, төвүүдийн эрдэмтэн, багш нарын өгч, бичүүлж байсан лекцийн файл, орчуулгын агуулгатай тараах материал, сурах бичиг нь 2015-2016 оны хичээлийн жилд шинэ санаа, шинэ мэдлэг, шинжлэх ухааны нээлтээр тэр бүр шинэчлэгдээгүй, баяжуулагдаагүйг төгсөгчид, ахлах дамжааны суралцагчдын лекц, семинарын дэвтэр, бие даах ажлын тэмдэглэл, дадлагын ажлын удирдамж, тайлангаас харьцуулан харахад л тодорхой байдаг бололтой. Монголын дээд боловсролд сургалтын төлбөрийг нэмэх үндэслэл, шаардлагыг амьжиргааны түвшин, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээрээ манайхаас эрс ялгаатай оруудынхтай зэрэгцүүлэн жишиж тайлбарладаг, нухацтай тайлан тооцоонд суурилахгүйгээр төлбөр нэмэхийг шахаж шаарддаг нь судалгааны арга зүйн хувьд өрөөсгөл гэж бодох юм. 2013-2014 оны мэдээлэлд үндэслэж Дэлхийн Банкнаас 1 хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн АНУ54,629$, Японд 36,426$, Өмнөд солонгост 34,356$, ОХУ25,248$, Хятадад 13,217$, Монголд 9,435$ байна гэж гаргасан байна билээ. Мөн ЕБС-ийн суралцагчид нийслэл хот дотор 1 удаа зорчиход 200 ₮-өөр зорчдог журам хэрэгжүүлж болоод байхад ИДС-ийн оюутнуудын хувьд нийслэл хотын дотор 1 өдөр нийтийн тээврээр зорчих (хичээлд очих, буцах замын) Улаанбаатар ухаалаг картыг 1000 -өөр цэнэглэхэд хангалттай хэмээдэг тайлбар гарах болсонд тал талын судалгаатай хандвал зүгээрсэн. Оюутнууд нь ЕБС-ийн суралцагчдын нэгэн адил эцэг, эхээсээ санхүүгийн хараат байдалтай байдаг бөгөөд олонх нь хөдөө орон нутгаас нийслэлд ирж байр түрээслэн сууж суралцдаг, кредит үнэлгээний тогтолцоогоор Тэд нарын зөвхөн 3-аас дээш голч оноотой суралцсан харьцангуй цөөн, шилдэг хэсэг нь л 70,200 -ийн үндэсний тэтгэлэг болон урамшууллын нэмэлт тэтгэлэг авч байгаа билээ. Ерөнхий боловсролын сургуулийн хүрэлцээ хангалтгүй, олон ээлжээр хичээллэдэг, мөн бага насны хүүхдийг асран хамгаалагч нь сургууль, гэрийн хооронд  биечлэн хүргэж өгөх, угтаж авах шаардлага тавигддаг хэдий ч нийсэлийн хороодын дэвсгэр нутгийн бараг 90 гаруй хувь нь өөртөө сургуультай тул түүний хамран сургах үйлчилгээний хүрээ харьцангуй жигд, нягтралтай, багахан тойргийг эзэлдэг гэдэг. Харин Зайсан толгойд байршдаг Хөдөө аж ахуйн их сургууль, Толгойтод байрлалтай Мандах дээд сургуульд Налайх дүүрэг, Төв аймгийн төв, Гачуурт тосгоноос ч нилээд тооны оюутан өдөр бүр 2-3 удаа дамжиж хичээлдээ явж байгааг Нийслэлийн тээврийн газар харгалзан үзвэл зүгээрсэн. 1995 оноос хойш хэрэгжүүлсээр ирсэн оюутны нийтийн тээврийн хөнгөлөлтийн хүртээмжийг агшаахын оронд өргөжүүлээсэй билээ. Ер нь аливаа түвшний шийдвэр гаргахад оролцогч нь бараг бүгдээрээ оюутны ширээг дамжин албан тушаалын шатаар өгсөж, орлого олж, өнөөгийнхөө өндөрлөгт хүрсэн байдаг. Тиймээс Билл Гейтсийн “Мөнгөтэй болоод ирэхээр ямар хүн байснаа мартдаг, мөнгөгүй болоод ирэхээр чамайг хүмүүс мартдаг” гэж хэлснийг эргэн санууштай л юм. 5. Шинжлэх ухааны шилдэг нийтлэл гол төлөв англи хэлээр нийтлэгддэг хэдий ч нийгмийн сүлжээгээр англи хэл дээр хайлт явуулахад монгол хэл дээр гарчиглаж байршуулсан нийтэлүүд мөн л олон хэлээрх хайлтын үр дүнгийн эхний хуудасны эхний мөрүүдэд бичвэр эсвэл зураг хэлбэрээр гарч ирж л байдаг. Тухайлбал, судлаач Бид нарын Googe.com-д байршуулсан зарим нийтлэлийн хайлтын үр дүнг энэхүү нийтлэл 38-ын хавсралт зураг 1, 2-оос харна уу? 2015 оны 7 дугаар сарын 1-ээс “Монгол хэлний тухай” хууль мөрдөгдөж эхэлсэн нь чухал шийдвэр болсон бөгөөд дэлхийн шинжлэх ухаан, боловсролтой хөл нийлүүлэн алхахад бүх шатны суралцагчдад англи хэлний мэдлэг чухал хэвээрээ байсаар л байх болно доо.

Page3
Гадаад хэлийг аль болох бага наснаасаа оролдож сурах нь хэллэг, яриа зүгширэх, уншлага, зохион бичлэгийн ур чадвар эзэмшихэд төдий чинээ тус нэмэртэй гэдэг. Казакстаны ерөнхийлөгч Нарсултан Назарбаев улсынхаа ИДС-ийн төгсөх дамжааны оюутнуудад англи хэл дээр лекц уншиж байх шийдвэрийг энэ оны эхэнд гаргасан гэсэн мэдээ байдаг. Мөн зүүн өмнөд Азийн болон Африк тивийн олон орны хувьд сургалтанд англи хэлний хэрэглээ өндөр байдаг бололтой.  6. Монгол улсын 2015 оны төсвийн тодотгол болон 2016 оны нэгдсэн төсвийн төсөөллийг хэмнэлтийн горимд нийцүүлэн боловсруулж мөрдөх чиглэлээр яригдах болсон нь боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт ч нэгэн адил хамааралтай байх. Энэ салбарт шинэчлэл, өөрчлөлт хэрэгжүүлэхэд заавал гадаадад удаан хугацаагаар суралцах эсвэл тэнд очиж эрдмийн зэрэг, цол хамгаалах, гадаад хэл дээрх элдэв лекц, номыг бэлэнчилэх замаар орчуулан хуулбарлаж тараах, гадаад хүнээр лекц уншуулах, зээл, төсвийн хөрөнгөөр үр дүн нь тодорхойгүй шинэчлэлийн гэгдэх аливаа төсөл хэрэгжүүлэх, туршлага судалж зугаалах, шинэчлэлийн нэр, хаягтай хурал, семинар, үзүүлэх сургууль хийж шоудах шаардлагагүй л баймаар юм. Саяхнаас БСШУЯ-аас Азийн Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн зарлал харагдах болсон нь нөгөө л явц, үр дүнг нь хэмжих, тооцоход бэрхшээлтэй, материаллагжиж нүдэнд харагддаггүй, нэлээд маргаан дагуулж ирсэн хөтөлбөрийн шинэчлэл гэгчийн үргэлжлэл байж магадгүй гэж төсөөлөх юм. Нөөц бололцооны ашиглалт, хөгжил дэвшил, хувьсал өөрчлөлт, шинэ санаа, шинэ мэдлэгийн эх үүсвэр, энерги, хөдлөх хүч, хөдөлгүүрийг зөвхөн гадаад орчин, гадаадын хөрөнгө оруулалт, гадаад хүний сургамж, зөвлөмжөөс л олж хардгаас Монгол хүний өөрсдийн бүтээгч мэдлэг, чадвар, энэ талаар өмнө нь хуримтлагдсан оюуны сан хөмрөгийг ойшоож ашигладаггүй, мэдэрдэггүй, ойлгодоггүй, ашиг сонирхлын зөрчилд хөтлөгддөг дутагдал оршсоор байгааг нийгмийн сүлээгээр жиргэсээр л байх юм. Бүхнийг тэг гараанаас эхлүүлсэн 25-хан жилийн хөгжлийн түүхтэй, хувьсах зардлын төсвийн санхүүжилтийн багахан дэмжлэгтэй хувийн хэвшлийн ИДС-иуд 2015-2016 оны хичээлийн жилийг оюутны сургалтын төлбөрийн хувьд төдийлөн маргаан, зөрчилдөөнгүйгээр эхлүүлчихлээ. БСШУЯ-аас төрийн өмчийн ИДС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд сургалтын төлбөрийг тодорхой хувиар бууруулах чиглэл өгсөөр байсан нь түүнийг огцом нэмэхгүй байх дотоод нөөц бололцоо ИДС-иудад оршиж байсныг мэддэг, мэдэрснийх нь илэрэл байх. Харин социалист тогтолцооны үед материаллаг баазыг нь нийт ард түмний өмчөөр бүтээгээд өгчихсөн, зарим нэгийг нь бүр олон арван жилийн тэртээд эхлэлийг нь байгуулчихсан менежментийн хувьчлалтай болон төрийн өмчийн ИДС-ийн хувьд хувийн хэвшлийн сургуулиас өрсөлдөх чадвар, үйл ажиллагааны гарааны эхлэлийн ихээхэн давуу нөхцөл, боломжоор хангагдсан гэж бодох юм. Эдийн засаг, бизнес, санхүү, нягтлан бодох бүртгэл, татвар, хүний нөөц, менежмент, маркетингийн зэрэг тусгай нөхцөл шаардахгүй, тунхаглалын шинжтэй хичээлүүдийн цоо шинэ агуулгатай хөтөлбөр, лекцийн шилдэг файл, жишиг үндсэн сурах бичгийг ямар нэгэн нэмэлт санхүүжилт, гадаадын зээл авахгүйгээр сонирхогч төрийн бус байгууллага, бие даагч жирийн судлаач ердөө 6 сараас 1 жилийн дотор л дэлхийн жишиг түвшинд хүргээд шинэчлэх бололцоотой. Үнэндээ жирийн нэг хувь хүн төрийн ямар ч дэмжлэг, санхүүгийн туслалцаагүйгээр хийж болоод байгаа өмнөх өгүүлбэрт дурьдсан зүйлийг яагаад төрийн өмчийн энэ олон их сургууль, тэдгээрийн багшлах бүрэлдэхүүн 2013 оны төсгөлөөс хойш цаг алдан сунжруулж, гадаадын зээл, төслийн санхүүжилт, маргаан мэтгэлцээнд хүргээд байгааг ерөөсөө ойлгохгүй юм. Цагийн эрхээр гадаад оронд ажиллаж, бичгийн болоод ярианы хэлийг нь гайхалтай төгс эзэмшсэн, тухайн гадаад хэлний түвшин тогтоох шалгалтыг өндөр оноотой өгсөн хүнээс хэл шинжлэлийн бакалаврийн дипломоо үзүүл гээд дугуйлан, дамжаанд багшлах эрх олгодоггүй гажиг тогтолцоо үйлчилж л байх юм. Мэдээлэл, сүлжээний даяаршлал, олон ургальч үзлийн өнөөгийн нөхцөлд доктор, профессор, магистрийн диплом, үнэмлэхээс илүү чухал нь хувь хүний бүтээгч чадвар, түүний ер бусын чөлөөт сэтгэлгээ, чөлөөт сонголт, өөрөө өөрийгөө бие дааж хөгжүүлэх онцгой ур чадвар, бусдыг хүн болгон төлөвшүүлдэг урлаг нь л эрхэм баймаар сан. Хийнэ, сайжруулна, тайван байгаарай гэж аливааг ирээдүйн цаг үе, ирэх сонгуулийн дараахь тодорхойгүй байдалтай холбохгүй байх, өөрсдөө хийж чадахгүй бол нэрэлхэхгүйгээр Монголдоо бусдын хийчихсэн, бүтээчихснийг хайж олдог, уншиж ойлгодог, мэдэрдэг, дэмждэг чадвар л дутагдаад байх шиг. Германы гүн ухаантан, байгалийн шинжлэлтэн Иогани Вольфранг Гётегийн “Хүн юу мэддэг, түүнийгээ л сонсдог аж” гэсэн үг санаанд орсоор байдаг. Ер нь дээд боловсролын чанар, түүнд гарах дэвшил ахиц нь шилдэг лаборатори дутагдалтай, гадаадад суралцсан эрдэмтэдийн тоо цөөн, Тэд нарын ажиллах нөхцөл тааруу, төсвийн санхүүжилт хомсдолтой, оюутны сургалтын төлбөр багаас шалтгаалаад байгаа мэтээр нийгмийн сүлжээнд учирлаж тайлбарласан нь хааяа үзэгдэх болсон нь хэр зэрэг үндэслэлтэй юм бол доо? Өндөр өртгөөр байгуулаад өгсөн орчин үеийн лабораторид бусдаас түрүүлж ер бусаар сэтгэдэг, шинэ мэдлэг, шинэ санаа, нээлтийг бүтээж чадах чадвартай, энэ давуу байдлаа аль хэдийнэ бүтээлээрээ олон улсын түвшинд бодитойгоор харуулж нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс л шаргуу ажиллах шаардлагатай болов уу ? гэж бодох юм.



No comments:

Post a Comment