Saturday, December 19, 2015

Зайн сургалтын талаарх зарим зөвлөмж, Нийтлэл 39., Tips of e-learning courses, Post 39



Зайн сургалтын талаарх зарим зөвлөмж, Нийтлэл 39.,
Tips of e-learning courses, Post 39
Монголын санхүүгийн мэргэжлийн шижээчид (MAPFA)-ийн зайн сургалтыг сонирхогчдод зориулж дараахь зөвлөмжийг бэлтгэв. Бүх шатны бакалаврын болон түүний дараахь шатны мэргэшүүлэх сургалтанд TIMSS (Trends in International Mathematics & Science Study) буюу Математик, шинжлэх ухааны сургалтын олон улсын чиг хандлага тэргүүлэх болсон. Түүнийг хэрэгжүүлэхэд анги танхмийн сургалтыг сүлжээгээрх зайн сургалттай зөв хослуулах шаардлага тавигддаг. Судалгаанд суурилсан хослосон сургалт (Sandwich learning courses) -ыг суралцагчдад бүтээх сэтгэлгээг суулгаж төлөвшүүлэхэд чиглүүлэх болсон. Зайн сургалт нь таблет, видео техник хэрэгсэл ашиглах замаар анги танхмийн сургалтын дутуу талыг нөхдөг, баяжуулдаг, өөрчлөн сайжруулдаг. Бид нарын бие дааж бүтээсэн, хөгжүүлсэн, хэрэгжүүлсэн эдийн засаг, санхүү, эконометрикс, татвар, нягтлан бодох бүртгэлийн шинэ санаа, шинэ мэдлэг нь хоорондоо ялгаатай хэд хэдэн хувилбараар нэг зөв шийдэлд хүрэх арга замыг шинжлэх ухааны олон салбарын мэдлэгийн уулзвар дээр илэрхийлж чадснаараа бусдынхаас ялгагддаг шинэлэг бөгөөд зохиогчийн эрхийн аливаа зөрчил, маргаанаас хамгаалагдсан давуу талтай. Суралцагчдын хувьд дараахь зүйлд анхаарлаа төвлөрүүлвэл зохистой гэж боддог. 1. Өдөр бүр 1-2 цагийг өөрийнхөө зайн сургалтын мэдлэг, чадвараа ахиулах, тэлэхэд зориулаарай. Боловсрол гэдэг бол их, дээд сургуульд багшийн заасан чадваржсан мэдлэгээс өнөөдөр Таны хараахан мартаагүй үлдээсэн тэрхэн хэсэг гэж үздэг бөгөөд агуулга, ашиглагдах хүрээг нь 2-5 жил тутам өөрчлөх, шинэчлэх, хөгжүүлэх шаардлагатай байдаг. 2. Ерөнхий боловсролын дунд сургуульд судалсан математикийн хичээлээ сэргээж санаарай, нухацтай дахин уншиж судлаарай, энэ чинь Таны хувьд цаашид эдийн засаг, санхүү, татвар, эконометрикс, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ер бусын, давтагдашгүй шинэ санаа, шинэ мэдлэг бүтээх суурийн 50 хувийг бэлтгэсэнтэй тэнцэнэ шүү. Өнгөрсөн онд Орос оронд математикийн сургалтын 50 боть ном хэвлэгдсэн гэж сонссон. Томъёо, хувилбарт бодолтын явц, гаргалгааг олон удаа гараар бичиж, зурж, хүснэгтлэн тэмдэглэвэл үнэрлэхээс бусад мэдрэхүйн 4 эрхтэнээрээ дамжуулж тэдгээрийг мартагдахгүйгээр эзэмшиж авдаг нигууртай. Өдрийн цагаар уншсан, цээжилсэн, бичсэн, бодож шийдвэрлэсэн, интернетээс хайсан илэрцээ шөнө зүүдэлж байвал математикийн хэрэглээний сэтгэлгээнд чинь ахиц, дэвшил гарч байгаагийн шинж тэмдэг байдаг. Чухам ингэж чадвал англи, орос зэрэг хэл дээрх хэрэглээний математик, математик-статистик, эдийн засгийн математикийн тухай аливаа хялбаршуулсан нийтлэл, сурах бичгийн тайлбар нь аяндаа ойлгогддог, бичвэрийн үг, үгсийн холбоос нь гадаад хэлээр цээжлэгддэг, хоногшин үлддэг. 3. Математикийн ургуулан бодох, шүүн тунгаах, зүй тогтлыг нээн ирлүүлэх мэдлэг, чадвартаа суурилж эдийн засаг, санхүү, статистик, бүртгэл, татвар, менежмент, маркетингийн мэргэжлийн болон мэргэшүүлэх мэдлэг, чадвараа харилцан нөхцөлдүүлэн холбож хөгжүүлээрэй, баяжуулаарай. Ингэснээр өмнөх суурь мэдлэг, чадвараа шинэчлэн баяжуулахын үлдэх 50 орчим хувийг олж эзэмших болно.  Оргил өөд тэмүүлэх хүсэл зоригоо бараат, салаа замын эхэнд, эсвэл дундаас нь битгий орхиорой, бүү шантраарай. Бусдыг хийж чадаж байгааг Та бүтээж, биежүүлэн хэрэгжүүлж  чадна. 4. Техник төхөөрөмжид суурилсан зайн сургалтыг хүлээн авахын тулд Та ганцаарчлан ашигладаг суурин комьпютер, зөөврийн комьпютерийн аль нэгийг, мөн шинжлэх ухааны судалгаанд ашиглагддаг тооны машин (Scientific calculator) эсвэл ухаалаг гар утасныхаа математикийн олон үйлдэл гүйцэтгэдэг (тригонометри, логарифм, бутархай зэрэг илтгэгч) коммандуудыг ашиглахыг хичээгээрэй. Мөн статистик судалгааны тооцооллын үр дүнгийн шалгуур хүснэгтүүдийг олж бэлтгэх, сургалтын явцад тэдгээрийг тоон жишээн дээр чадмаг ашиглаж сурах, утга агуулгыг нь харьцуулан жишиж ойлгомжтойгоор тайлбарладаг болох нь илүүдэхгүй. Сүлжээгээрх сургалт нь анги танхим дахь суралцагч, олон талын оролцогчдын хоорондын амьд харилцан яриа, асуулт, хариулт, хэлэлцүүлэг, мэтгэлцээнийг өрнүүлэх бололцоог олгодоггүй тул хожим нь тодруулвл зохих эргэлзээтэй асуудал, хариулт хүлээсэн асуудал нэг бүрийг зайн сургалтын видео хичээл бүрээр тэмдэглэн авч улмаар анги танхмийн сургалтын нөхцөлд багшаас нэг бүрчлэн асууж, ойлгож, эзэмшиж, хэд хэдэн ялгаатай нөхцөл, тоон өгөгдлөөр өөрөө биечлэн тооцоолж, туршиж, өөрийнхөө чадварын түвшинг үе үе шалгаж байгаарай. 5. LinkedIn, Facebook зэрэг нийгмийн алдартай сүлжээнд бүртгүүлсэн судалгааны төрөлжсөн баг, хэсэг бүлэгт нэгдэж санал бодол, тушлага, шинэ санаа, шинэ мэдлэгээ солилцож байхыг зөвлөж байна. Мөн блог нийтлэлүүдийг төлбөргүйгээр байршуулдаг дараахь вэб сайтуудад хандаарай. Та ганцаарчилж бүтээсэн болон бусадтай хамтран бүтээсэн шинэ санаа, шинэ мэдлэгээ Монгол хэл дээр бичвэл .....blogmn.net сүлжээнд, сайтар эзэмшсэн гадаад хэл дээрээ бичвэл ….blogspot.com сүлжээнд байршуулаад үзээрэй. Таны нийтлэл олны анхаарал татсан, тандалт ихтэй, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой болсон бол Google.com-оор хайлт хийхэд хайлтын үр дүнгийн эхний хуудасны тэргүүн мөрүүдэд нэг л хэсэг хугацаанд гарч ирсээр байх болно. Энэ бол хонгилын үзүүрт улалзах амжилтын гэрэлт оч цацарч эхэлснийг илтгэх болно. Одоо Танд зогсох, эргэлзэж тээнэгэлзэх зүйл огтхон ч байхгүй болсон, зөвхөн урагшаа тэмүүлж амжилтын галт бамбараа улам өндрөөс өндөрт асаах л үлдэх болно доо. Та бүхэн tyondon|facebook-аар аялаж санхүүгийн шинжээчдийн бүлэгт нэгдээрэй. Мөн Та бүхнийг Монголын санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн холбооны вэб сайт www.mapfa.org–д зочилж судлаач Бид нарын бүтээсэн тулгуур мэдлэгийн цөөхөн үлдсэн номоос амжиж олж авахыг ч бас зөвлөж байна.

No comments:

Post a Comment